Монголын шигшэ баг 2027 онд Саудын Арабад зохион байгуулагдах Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны плэй-оффын эхний тоглолтоо дундын бүс буюу Индонезийн Бали арал дээр Зүүн Тиморын багтай хийлээ. Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн ажлыг аваад удаагүй байгаа Б.Гарьдмагнай гарааны бүрэлдэхүүнээ 5+2+3 гэж гаргав. Өрсөлдөгч багаа хамгаалж тоглох тактик барина гэж баймааргүй юм гэж бодогдохоор сонголт л доо.
Уул нь бүүр эсрэгээрээ 3+5+2, ядаж л 4+3+3 байсан бол? Талбайн төв хэсэг, дундын бүсэд л айлын дамжуулалтыг таслах, бөмбөгийн төлөөх дайн явагдах ёстой юмсан. Дасгалжуулагчдын багт бодсон төлөвлөсөн, ярьсан зүйл байсан болоод л ийм хувилбарыг сонгосон биз ээ.
Тоглолт эхэллээ. Эзэн баг бөмбөгийг эзэмшин, өөрийн талбайд бүтэн дамжуулалт хийсний эцэст зүүн жигүүрээс төв рүү, дараа нь төвөөс баруун жигүүр рүү шуурган дайралт хийн, нүүрний шугамны наахнаас хөндлөн дамжуулсан бөмбөгийг довтлогч Жоао Педро да Сильва тоглолтын 2 дох минутанд гүйцээснээр тооны харьцаа нээгдэв. Тоглолтын 26 дах минутанд манай залуус гоол оруулах сайхан боломжийг алдаж, “Чи хийхгүй бол би хийнэ” гэсэн их спортын бичигдээгүй хууль хэрэгжиж, өнөөх Педро зүүн хөлийн доторлосон хүчтэй цохилтоор хаалганы шороон буланд бөмбөгөө оруулж амжлаа. Тоглолтын 34 дэх минутанд Тиморчууд зүүн жигүүртээ хамгаалж, манай шахсан тоглолт амжилт олж, хойшоо дамжуулсан бөмбөгийг довтлогч #9 Оюунбаатарын Мижиддорж дундаас нь салгаж, зүүн хөлөөрөө хөнгөхөн, бас оновчтой цохилтыг хийснээр тоог 2:1 болгов.
Эхний үед манай багт 2-3 гоол оруулчих боломж байсан уу гэвэл байсан. Даанч ашиглаж чадаагүй. 2-р үеийн тоглолт эхлээд удалгүй 52 дах минутанд Педро гайхал хет-трик толилуулж, 6 минутийн дараа Зенивио Морьентес тооны харьцааг 4:1 болгон холдуулснаар эзэн баг маш чухал хожлоо хармандаа баттай хийлээ. Зарим үзэгчид сошиалд “Наад Тиморчуудаа сайн шалгаарай. Тээр жил хэдэн бразилчуудыг нууцаар тоглуулаад ФИФА-гаас бандуулж байсан” гэж хүртэл бичжээ. Тэдэнд нэг тийм хар түүх, бидэнд хардах эрх нь бий л дээ.   Тоглолтын бүтэн бичлэг үзэх
Хоёр багийн хариу тоглолт МХБХ-ны цэнгэлдэхэд 9-р сарын 10-ны 16:00 цагт болно. Манайханд 3:0-ээр хуурай хожих, эсвэл 4 бөмбөгөөр илүүрхэх л боломж үлдсэн.
Тоглолтын тойм :
Тоглолтын гэрэл зургаас
Зүүн Тиморын шигшээ баг энэ тоглолтоос өмнө 14 дараалан ялагдаад байсан ба 2015 онд Монголын шигшээтэй хийсэн тоглолтоос хойш анх удаа 4 гоол оруулав.
2023.11.17 Зүүн Тимор 0:3 Тайвань  2023.10.12 Тайвань 4:0 Зүүн Тимор  2022.06.02 Камбож 2:1 Зүүн Тимор  2022.01.27 Индонез 4:1 Зүүн Тимор  2021.12.14 Сингапур 2:0 Зүүн Тимор
2021.12.11 Зүүн Тимор 0:7 Филиппин  2021.12.08 Мьянмар 2:0 Зүүн Тимор  2021.12.05 Зүүн Тимор 0:2 Тайланд  2019.06.11 Зүүн Тимор 1:5 Малайз  2019.06.07 Малайз 7:1 Зүүн Тимор
2018.11.21 Сингапур 6:1 Зүүн Тимор  2018.11.17 Зүүн Тимор 2:3 Сингапур  2018.11.13 Индонез 3:1 Зүүн Тимор  2018.11.09 Зүүн Тимор 0:7 Тайланд
Монголын шигшээ багийн өөрөөсөө чансаа доогуур багт хожигдоогүй 5 жилийн цуврал энэ хүрээд зогсов. Хамгийн сүүлд 2019 оны 6-р сард Брунейн шигшээд нутаг дээр нь 1:2-ээр хожигдсон ч нийлбэр дүнгээр ялж байсан юм. Одоогоор 210 улсаас манай чансаа #189 бол Зүүн Тиморын чансаа #196. Бангладеш, Макао, хоёр ч арал улс, Лаосын баг дээд талд бичигдсээр.