О.Хангай аварга ханайтал чамбайхан барилдаж түрүүлэв
Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат, ард олондоо “Мээтэн” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харъяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, Зорчигч тээврийн нэгтгэл, “Эм Жи Өү транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Эвт чулуу”ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэлээ. Барилдааны бүтэн бичлэг үзэх
Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Бадрах өглөө” ХХК, “Их Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Нуман сүлд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарсан бол дунд шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Д.Амарсайхан нар шалгарсан байна.
Зохион байгуулагчдын зүгээс барилдааны түрүү бөхийг 5 сая, үзүүр бөхийг 3 сая, их шөвгийн бөхчүүдийг тус бүр 1,5 сая төгрөгөөр байлсан бөгөөд барилдсан бөхчүүд, ажилласан жаяг дэгийн багийн гишүүдээс хагасын саятан 2, хүндэт зочдоос 3, тасалбар худалдан авсан үзэгчдээс 4, нийт есөн азтан тодруулсан юм. Мөн ОХУ-ын Тува Улсын 2023 оны баяр наадамд тав даван шөвгөрсөн улсын харцага Н.Золбоод Тува улсын Ерөнхийлөгчийн зарлигаар НАЧИН цол олгосныг тус улсын спортын сайд болон бөхийн холбооны төлөөлөл хүрэлцэн ирж гардуулсан содон үйл явдал болов.
Дараагийн барилдаан 11-р сарын 23 нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 24 нд Монгол Улсад ой модны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит улс,аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.