Спортын салбарын хариуцлагагүйн зуд-Боксчид олимпийн эрх авах тэмцээндээ орж чадсангүй

Монгол үндэсний сар шинийн баяраараа ч аав, ээж ахан дүүстэйгээ ч золгож чадалгүй гэрээсээ алс хол хүний нутагт 2 сар гаруй хамтарсан бэлтгэл, сургуулилт хийж, хоолтой хоолгүй зовж зүдэрсэн ч, хатуужил, тэсвэр тэвчээр гаргагасан олон тамирчдын хүсэл мөрөөдөл, хүсэл зорилгодоо хүрэхийн төлөө хичээж, зүтгэсэн бүхэн нь талаар болсон мэдээллүүд чих дэлсэв. Хэн гээч арчаагүй, хариуцлагагүй нөхдүүд Олимпын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг хоцроов? Энэ тэмцээнд Монголын боксын үндэсний шигшээ баг бүтэн багаараа оролцох ёстой байсан. Тийм ч учраас Европт 2 сар гаруй хугацаанд бэлтгэлд хамрагдацгаасан. Боксын холбооны өмнөх ерөнхийлөгч нь сайдын ажлаа өгч, хотын дарга болонгуутаа сонгуульт ажлаа өгсөн сураг дуулдсан.  Оронд нь хэнийг ямар хурлаар сонгосон нь ч бүдэг бадаг. Тэргүүн дэд ерөнхийлөгч нь Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, ерөнхий нарийн бичгийн дарга нь Ц.Батнасан. Гадаадын тэмцээн уралдааны асуудлыг нь “Эрдэнэт”үйлдвэрээс салдаггүй Ц.Бат-Энх гэгч нөхөр олон жил хийж байгаа харагддаг. Одоо тэгээд хэн хариуцлага хүлээх вэ?! Бие биен рүүгээ займчуулаад өнгөрөөх байна уу? Нөгөө мундаг олимпизм, спортын сайд нь хаана бэлэг сэлт тарааж, зураг хөргөө даруулсан шигээ сонгуульдаж яваа бол? Ажлын албаныхан нь хаана байна? Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй болохоор төсвийн мөнгө, санхүүжилтыг гарын салаагаар ийм маягаар урсгадаг хүмүүс давраад байна уу? Монголд төр, хариуцсан яам, тамгийн газар гэж байгаа бол яаралтай асуудлын мөрөөр хянаж шалган, хатуу хариуцлага тооцон, ажилдаа хоноцын сэтгэлээр хайнга, сэтгэлгүй хандсан этгээдүүдээр төсвийн мөнгийг буцааж төлүүлэх хэрэгтэй! Хайран боломж, хайран тамирчдын урсгасан хөлс, хайран татвар төлөгчдын мөнгө!

 

“Парис-2024” олимпийн наадмын эрх олгох тэмцээнд таван тивийн 670 тамирчин, олимпийн 50 эрхийн төлөө тулалдаж эхэллээ.

3-р сарын 3-11-ний хооронд Италийн хойд нутгийн Буста Ацизогийн рингнээс зөвхөн жин тус бүрийн медаль авсан эмэгтэй 22, эрэгтэй 28 боксчин л Францын нийслэлийг зорино.