Томруулдаг шилний тусламжтайгаар авсан 10 дах түрүү

Олимпын наадмын байт харвааны эмэгтэй багийн төрлийн шигшээ харваа гойд сонирхолтой боллоо. Өмнөх 9! олимпод багийн дүнгээр дараалан түрүүлсэн БНСУ-ын баг уламжлал ёсоор шигшээд үлдсэн бол тэдэнтэй алтан медалийг булаацалдахаар БНХАУ-ын баг шалгарсан. Гэвч бүхний бодож байсан шиг супер аваргуудад ялалт хялбархан ирсэнгүй. Энэ төрөлд багийн 3 гишүүн тус бүр нэг сум тавьж, нийлбэрээр ялагчийг тодруулдаг дүрэмтэй бөгөөд эхний харвалтаар БНХАУ 9, БНСУ 9, 10-ын зааг дээр оносон юм. Харин 2 дох харваанд БНХАУ-ын тамирчин 10, Өмнөд Солонгос 9 дээр бууж, ерөнхий харьцаа тэнцэж ирэв.
Шийдвэрлэх 3 дах “буудлага”-д нанхиад харваач 9, гуулин харваач 9 ба 10-ын зааг дээр оносноор 27:27-оор тэнцэв. Ингээд шүүгч байг томруулдаг шилээр нягталсны дүнд маргаан дагуулсан солонгосчуудын хоёр сум хоёулаа 10 дээр оносон болохыг илрүүлэв. Ийнхүү Лим Си Хён, Чон Хун Ён, Нам Су Хён нарын бүрэлдэхүүнтэй Өмнөд Солонгосын баг 1988 оны Сөүлийн олимпоос эхтэй ялалтын буухиагаа тасалдуулсангүй, дараалан 10 дах алтан медалиа зүүцгээлээ.
Эх сурвалж : Manlai Ravjir