Торгон зодогт залуусын их өрсөлдөөний хагас шигшээ барилдааны мэдээллээс

Өмнөговь аймгийн нэрэмжит үндэсний бөхийн өсвөр, залуучуудын Улсын аварга шалгаруулах барилдаан хоёр дах өдрөө цог золбоо дүүрэн үргэлжилж байна. Бага нас буюу 16 насны ангилалд 81 бөх барилдсанаас хагас шигшээд 30 хүүхэд шалгаран барилдаж байгаа бөгөөд өнөөдөр болох шигшээ барилдаанд 10 хүүхэд шалгарч аваргын төлөө өрсөлдөнө. Энэ насанд Архангай аймгийн БТСГ-ын Э.Батмагнай, “Хонгор нутаг” дэвжээний О.Мөнхбаатар,  Баян-Өлгий аймгийн “Тастүлек” дэвжээний Б.Нурайдын нар ганц ч унаагүй явна.
Дунд нас буюу 17 насны ангилад 80 бөх барилдсанаас хагас шигшээд мөн 30 хүүхэд үлдэж, шигшээ 10-д шалгарахын төлөө бяраа сорьсоор. ОХУ-ын Тувагийн бөх О.Максем, Баян-Өлгий аймгийн уугуул, Баянгол дүүргийн төлөөлөл Е.Ховланды, Завхан аймгийн уугуул, “Эв Монгол” клубын А.Буянжаргал, Говь-Алтай аймгийн уугуул, “Алдар” спорт хорооны Б.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн БТСХ-ны Ж.Далайцэрэн, Сэлэнгэ аймгийн Б.Төгөлдөр, Сүхбаатар аймгийн Ч.Нямжав нар бусдыгаа хошуучилж явна.
Ахлах буюу 18 насанд 71 бөх барилдаж байгаагаас хагас шигшээд 30 бөх үлдсэн бөгөөд Төв аймгийн уугуул, “Алдар” спорт хорооны Б.Батжаргал, Өмнөговь аймгийн БТСГ-ын С.Баярбаатар, Дорнод аймгийн уугуул, “Аварга” клубийн А.Дэмүүл нар тус бүр 2 даваатай үеийнхнээ өнгөлөн, хурц сайхан барилдаан харуулсаар.
Харин залуучуудын ангилалд нийт 110 бөх оролцож, 10 хэсэгт хуваагдан барилдсанаас Увсын сумын заан Ц.Бямбацогт, Говь-Алтай аймгийн уугуул, “Эв Монгол” клубийн бөх сумын заан Э.Бат-Өлзий, Баян-Өлгий аймгийн уугуул, “Алдар” спорт хорооны бөх С.Нуртилек, Завхан аймгийн БТСГ-ын бөх, аймгийн начин Б.Сундуйжав, Увс аймгийн уугуул, “Алдартан” клубийн бөх, сумын заан Г.Цэрэнтогтох, Архангай аймгийн уугуул, “Бөхбилэгт” дэвжээний бөх Б.Хадбаатар, Говь-Алтай аймгийн уугуул, “Хантайшир” дэвжээний сумын заан Л.Отгонбаяр, Өвөрхангай аймгийн уугуул, “Эв Монгол” клубын бөх, аймгийн начин Д.Сумъяабазар, Архангайн аймгийн уугуул, “Бөхбилэгт” дэвжээний аймгийн начин С.Бат-Эрдэнэ, Баянхонгор аймгийн уугуул, “Баатар Хангарьд” дэвжээний бөх, сумын заан О.Тамир нар одоогийн байдлаар хэсгээ тэргүүлсэн хэвээр. Хагас шигшээд 30 бөх шалгарч үлдэх юм. Өнөөдөр тэмцээний залуучуудын ангиллын хагас болон шигшээ барилдаан, өсвөрийн ангиллын шигшээ барилдаан тус тус үргэлжилж, дүнгээ гаргана.
Шинжигнэсэн залуусынхаа барилдааныг үзэж, сонирхохоор дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Тувагийн нэрт бөх А. С. Монгуш, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Д.Бумбаяр, МУГБагш Г.Сүхбат нар хүрэлцэн ирж, бөх тойрсон халуун яриа өрнүүлцгээлээ.