Төв Азарганууд баг энэ улирлын анхны гоолоо 7-р тойрогт орууллаа

Дээд лиг. 7-р тойрог. ТӨВ Азарганууд Хөлбөмбөгийн КЛУБ  1 : 11  FC Ulaanbaatar Азарганууд хэдэн бөмбөгөөр хожигдох бол? Эсрэг багийнх нь хэн гэдэг тоглогч олон гоол оруулах бол? Тоглолтын хуваарь хараад өөрийн эрхгүй ингэж бодогддог болжээ. Уул нь Төв Азарганууд багт өнгөрсөн улиралд хүснэгтийн эхний гурав хүртэл дэвшиж явсан халгиж цалгиж байсан үе бий. Хоёр баг гарааны бүрэлдэхүүндээ 2-3 гадаад тоглогчоо багтаажээ.

 

 

Тоглолтын 28 дах минут хүртэл ягаанууд тун боломжийн хамгаалан, нийслэлийн багт гоол оруулах боломж олгосонгүй. Энэ үед багийн ахлагч #4 Г.Бат-Оргил бөмбөгийг хүлээн аван бужигнуулсаар яах ийхийн зуургүй хамгаалалтыг сэтлэн, хөндлөн дамжуулалт өгснийг #14 Ота Шион гүйцээв. Ердөө 4 минутийн дараа #24 Э.Өнөр-Эрдэнэ 16-гийн талбайн хурц өнцгөөс хүчтэй цохилтоор тоог 2:0 болгосон бол үеийн төгсгөл рүү Улаанбаатарчуудын дайралт зогсоо зайгүй үргэлжилсээр 41 дэх минутанд довтлогч #20 О.Баяржаргалын булангийн цохилтыг багийн ахлагч #4 Г.Бат-Оргил мөргөж, хаалганы торыг хөдөлгөлөө. Удалгүй 50 секунд өнгөрөхөд тоо 4:0 болов. Энэ удаад хагас хамгаалагч #7 Амараагийн Дөлгөөн сул ирсэн дамжуулалтыг алдсангүй. Эхний үеийн төгсгөлд О.Шион 2 дох удаагаа гоолдсоноор 5:0-ээр үе өндөрлөлөө. А.Дөлгөөн төвөөс жигүүр рүү бөмбөгийг шилжүүлэн, #6 Б.Амгаланбат айлын талбай руу дамжуулж, Япон легионер аманд орсон шар тосыг зүгээр л залгиж орхисон

 

 

 

 

2-р үе эхлээд 50 дах минутанд Төв Азаргануудын хаалгач #1 Б.Мэргэн тун аюултай цохилтыг зайлуулж чадсан ч 3 минутийн дараа эсрэг багийн довтолгоог яаж ч чадсангүй. Багийн ахлагчийнхаа төв рүү өгсөн зөөлхөн дамжуулалтыг залуу тоглогч У.Тэмүлэн зүүн хөлөөрөө явуулсан нь хаалганы баруун доод шороон буланд оров. Харин 61 дэх минутанд Азаргануудын энэ улиралжингаа хүсэн хүлээсэн нэр төрийн гоолыг #24 довтлогч Кортез Онофре Жерардо оруулснаар багаа бага ч гэсэн сэргээгээд амжлаа. Гурван хамгаалагчийг аргалсан. Өөрөө ч их баярлаж байгаа харагдсан. Тоо 6:1. Гоёо гоё. Энэ чинь л хөл бөмбөг шүү дээ.

 

 

 

 

Тоглолт цааш өрнөн, 68 дах минутанд Г.Бат-Оргил болон Япон тоглогч #25 Ватанабэ Рюүга нарын идэвхтэй ажиллагааны үр дүнд сэлгээгээр орж ирсэн Н.Сайнбуянд цохих боломж олгож, тэрээр тоог 7:1 болголоо. Дахиад 3 минутийн дараа #3 Диэтрих Энзо талбайн төвөөс авангуутаа ганц нэг туугаад, маш холоос цохисныг хаалгач алдаж орхив. 8:1 тоо улам холдсоор. 78 дах минутанд довтлогч О.Баяржаргалын цохилт хаалтанд орж, ойж ирсэн бөмбөгийг У.Тэмүлэн чихлээ. 80 дах минутанд багийн ахлагч Г.Бат-Оргил гоёмсог цохилтоор тоог 10:1, төд удалгүй 83 дах минутанд А.Дашням тоог 11:1 болгосноор тоглолт өндөрлөв.

 

Спортын сэтгүүлч Н.Тамир

 

 

 

 

Бүтэн тоглолт үзэх :

 

[embedyt] https://www.youtube.com/watch?v=jRdlLdvHYsE[/embedyt]

 

Тоглолтын гэрэл зургаас

 

Энэ тоглолтын дараа тоглох хуваарьтай байсан Бишрэлт Хоромхон-Фалконс багуудын тоглолт нийслэл хотыг хамарсан цахилгааны гэмтэл, саатлын улмаас хойшлов.

 

 

 

 

Mongolian Premier League