Хатант интернэшнл компанийн бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатарын ээлжит түрүү
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ой, тус сумын харъяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадамлах Нар” ХХК, “Нэгдэл” клуб, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Ш.Дарханбат, Булган аймгийн Орхон сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарчээ. Их шөвөгт улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Н.Сумъяабат, аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Л.Энхсаруул нар үлдсэн бөгөөд Л.Дашдаваа начингийн шавь нараас “Уран барилдааны шагнал”-ыг сумын заан А.Амархүүд олгосон байна. мөн үзэгчдийн дундаас 9 азтан тодруулж, Сүхбаатар аймгийн 9 алдарт уяачийн адуун сүргээс хурдан удмын адуу авах эрхийн бичиг, батламжийг гардууллаа. Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардан авчээ. Энэ 7 хоногт дараалсан 4 өдөр барилдаантай. 3-р сарын 14-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 15 нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харъяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 16 нд “Алтан цом” Бүх оддын барилдаан, 17 нд 13:00 цагаас Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонины 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
Э.Алтанболдын тэмдэглэсэн барилдааны дүйз