Хуурамч баг оролцуулж, эхний үед хоёрхон оноо авсан галзуу хэрэг гарчээ
ОХУ-д болсон олон улсын нэгэн нөхөрсөг тэмцээнд 4 баг оролцжээ. Гэтэл Венесуэл-Колумбийн шигшээ багуудын тоглолтонд нэг баг нь нэг л биш байв. Юу биш байсан бэ гэхээр Колумбийн баг бүхэлдээ “ХУУРАМЧ” хүмүүс байж олныг цочроов. Тухайн багт нэг ч мэргэжлийн тоглогч байхгүй байсан ба тоглолт 102 онооны зөрүүтэй буюу 155:53-ын харьцаатай өндөрлөсөн байна. Эхний үед нөгөөх хулхи этгээдүүд ердөө 2 оноо/41-2/ авч, бүгдийн нүдийг бүлтийлгэж. Энэ бүхний ард Christian David Mosquera Duran гэдэг 25 настай ОХУ-д амьдардаг Колумби залуу байсан аж/Зурагны зүүн доод талд сууж буй #6 дугаартай залуу/. Энэ залуу хэрхэн энэ бүхнийг чадсан эсэх нь нарийн тодорхой болоогүй байгаа ч Колумбийн сагсан бөмбөгийн холбооны и-мэйл хаягийг хакардаж, ОХУ-ын СБХ-той харилцсанаар багаа оролцуулсан гэж үзэж байгаа юм байна. Зохион байгуулагч ОХУ-ын талд өгсөн албан ёсны мэдэгдэл нь ил гарч ирсэн ба Sofia Orobio гэж хуурамч хүний нэр ашиглан, илүү нарийн мэдээлэл хэрэгтэй бол холбогдоорой гээд өөрийн хувийн мэйл хаяг, утасны дугаараа өгч орхиж. Энэ талаар Колумбийн талаас албан ёсны мэдэгдэл гарган “Манай баг болон клуб улсаа төлөөлөн оролцоогүй. Бидний нэр, логог хуурамчаар ашигласан этгээдүүдэд хууль ёсны арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байна” гэжээ. Мөн нөгөө тал болох Оросын тал, холбооны ерөнхийлөгч Андрей Кириленко ч хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийжээ. Ямар ч байсан олон улсад ийм солиотой нэгэн хэрэг гарчээ. Мань хакер залуу өөрөө 3×3 лигийн хамгийн доод 3-р дивизонд тоглодог сагсан бөмбөгт дуртай залуу гэнэ. Хамгийн гол нь зохион байгуулагчид нь ч сайн шалгадаггүй яачихсан ч юм. Олон улсад ёстой том онигоо боллоо доо, амьд явахад юм юм л үзэх нь ээ.