Цаст Гималайн оргил дээр эргэлдэж байх ёстой цармын бүргэд цагаан давааны хөтөл дээр сууж байх юм
Хөглөгөр уулсыг хөлөглөөд, хөх тэнгэрийн орныг зорьсон В.Стейниц, Эм.Ласкер, Х.Р.Капабланка, А.Алехин, М.Эйве, М.Ботвинник, В.Смыслов, М.Таль, Т.Петросян, Р.Ж.Фишер нарын ясыг өндөлзүүлээд, энх тунх оршин буй Б.Спасский, А.Карпов, Г.Каспаров, В.Крамник, В.Ананд, М.Карлсены нүүрийг улалзуулж, чихийг халууцуулаад яаж л мунгинаад байгаамдээ, Дин Лирен аварга. Германы Гамбургт гараанаас гарсан “Freestyle chess G.O.A.T challenge” тэмцээний плэй-оффын шатанд 7 өрөг наадсанаас 6 өрөгт тэг зогсолт хийн, ганцхан А.Фироузжатай оноо хувааж, 0.5 оноотой сүүл мушгилаа даа, дэлхийн шатрын 17 дах хаан Дин Лирен минь. Гэхдээ түүнд сайн мэдээ байгаа нь баян ходоодонд давхисан ч гэр рүүгээ буцахгүйгээр хасагдах шатанд 2 стандарт өрөг тоглооод, хагас шигшээд ч үлдэх боломж буй. Муу мэдээ нь энэ тэмцээний плэй-оффын шатанд нэг ч өвдөг шороодоогүй 5.5 оноотой бүх тоглогчдыг тохой илүү тэргүүлсэн дэлхийн намбэр 15 Узбек алмааз 19 настай Нодирбек Абдусаттаровтой тулалдана. Сүлд модны орой дээр гялалзаж байх учиртай алтан таван хошуу хөл доор хөглөрч, цаст Гималайн оргил дээр эргэлдэж байх ёстой цармын бүргэд цагаан давааны хөтөл дээр сууж байгаа нь ариун явдал уу. Энэ маягаараа Дин Лирен аварга эхнэр аваад загас наадуулсан ч эхнэр нь дээр нь, манай хүн доор нь орохоор байнаа…
Эх сурвалж : Харуул Харуул