Ц.Энхтөрийн хурдтай оруулсан хоёр гоол эвийн гэрээ байгуулахад хангалттай байлаа

Монголын Премьер лигийн 11-р тойрог. Хүснэгтийн гурав болон 6-р байрт бичигдэж байгаа “Хаан Хүнс-Эрчим”-“Төв Азарганууд” багууд учраа таарав. Хоёр багийн өмнөх тоглолтонд “Эрчим” 5:0-ээр аархсан бол энэ удаа “Азарганууд” эхний үед л хоёр гоол орууллаа. Довтлогч Ц.Түмэнжаргал эхлээд хаалттай цохилтоос, дараа нь 34 дэх минутанд 16-гийн гаднаас хүчтэй цохилтоор нэгэн гайхалтай бөмбөгийг оруулсан.
Багийн ахлагч, талбайн төвийн гол хүн Х.Цэнд-Аюуш шар хуудасны торгуулийн улмаас тоглолтод оролцоогүй ч “Азарганууд” тун сайн тоглож байлаа. Харин 2-р үед “Эрчим” богинохон хугацаанд тоглолтыг эргүүлж чадсан. Энэ үеэс үзүүрийн довтлогчийн байрлалд тоглож эхэлсэн Ц.Энхтөр 55 дах минутад хамгаалагчаас бөмбөг булааж, хаалганы баруун дээд буланд цохин тооны харьцааг ойртуулан, улмаар ганцхан минутийн дараа М.Юүтагийн 16-гийн гаднаас цохисон бөмбөг хөндлөвч онон ойж ирэхэд нь нэмж мөргөснөөр тоог тэнцүүлсэн юм. Богино хугацаанд хүнд байдлаас гарч чадсан “Хаан Хүнс-Эрчим” үлдсэн хугацаанд хожлын гоол оруулах довтолгоо хэд хэдийг хийсэн ч боломжуудаа ашиглаж чадсангүй. Ийнхүү багууд 2:2-оор эвийн гэрээ байгуулж, нэг нэг оноо авлаа. Ц.Түмэнжаргал энэ тоглолтод дубль хийснээр 8 гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтын дэд байрт бичигдэж эхэлсэн бол Ц.Энхтөр 4 гоолтой болоод байна.
“Төв Азарганууд” багийн довтлогч Ц.Түмэнжаргалын яриа   Бичлэг үзэх
“Хаан Хүнс-Эрчим” багийн хагас хамгаалагч Ц.Энхтөрийн яриа   Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр “Хаан Хүнс-Эрчим” багийн хагас хамгаалагч Ц.Энхтөр тодорлоо. Тэрбээр энэ тоглолтод хоёр гоолыг маш богино хугацаанд дараалан оруулсан юм.
Монголын Премьер Лиг