“Азийн цом-2025” тэмцээний III шатны хэсгийн эхний 2 тойргийн тоглолтууд болж, манай шигшээ баг БНХАУ-ын багийн талбайд болон Гуамын багт нутагтаа дараалан ялагдал хүлээв. Хожигдолд ямар учир шалтгаан байсан, хэн хариуцлага хүлээх талаар сагсан бөмбөг сонирхогчдын хүрээнд сошиал орчинд дайн дажинтай л байна. Тэгвэл өнгөрсөн жил мөнхийн өрсөлдөгч Гуамын багтай хэрхэн тоглож байсан бэ? Тухайлбал тоглолтын эхний үеийг эргэн санацгаая. Аливаа зүйлийг төгс хийе гэвэл алдаан дээрээ суралцах хамгийн сайн гэдэг дээ. Тухайн үед тоглолт эхлэнгүүт манай шилдэг тоглогчдын нэг Т.Санчир 3/3 буюу 3 шидэлтээ дараалан чулуу болгон 8 оноо авснаар тоглолтын гарааг тун чиг дажгүй эхлүүлсэн. Дараа нь А.Анандын оролт, холын шидэлт, М.Өлзий-Оршихын бөмбөг булаалт, итгэлтэй шидэлтүүд, О.Сэргэлэнгийн талбайг мэдрэх чадвар, бөмбөг эзэмшилт ганган байжээ. Үе солигдох нь жам ёсны хэрэг ч спортод туршлага гэж агуу зүйл байдгийг мартаж боломгүй. Мөн хэнийг аль байрлалд яаж тоглуулах дасгалжуулагчийн арга барил хамгаас чухал. 2023 оны Гуамын шигшээ багтай 2024 оны Гуамын шигшээ багийг харьцуулаад үзээрэй. Тийм ч их ялгаа харагдахгүй. Харин Монголын шигшээ багийг хэрхэн бүрдүүлж, бүрэлдэхүүнээ яаж сонгож, хэрхэн тоглуулав гэдэг л том асуудлын тэмдэг хэвээр үлдэв. МСБХ Үндэсний дээд лигийн тоглолтын хуваарийг гаргахдаа тамирчдынхаа ачааллыг бодож үзсэн үү? Хэтэрхий их ачааллаас болж ямар олон тоглогч энэ хугацаанд бэртэл гэмтэл авав. Залгаад шигшээ багийн хариуцлагатай тоглолт. Дуусгаад ямар ч амралтгүй лигийн тоглолтууд! Ганц нэг хоногт тамирчид сэргэлт авч яагаад ч чадахгүй. Цаашдаа ийм харалган бодлоготой яваад л байх уу? Хаана хаанаа алдаан дээрээ суралцаж, холбооны нөхдүүд усанд хаясан чулуу шиг таг чиг бололгүй хариуцлагаа үүрсэн шиг үүрч сурах хэрэгтэй.

 

Спортын сэтгүүлч Н.Тамир

 

2023 он. Монгол-Гуамын тоглолт

 

 

[embedyt] https://www.youtube.com/watch?v=GQjCsd8Xd1c[/embedyt]