Шинэ өнгө төрхтэй Монголын Премьер лиг

Монголын хөл бөмбөгийн Премьер лигийн өвлийн амралт дуусч, улирлын 2-р хагас эхлэх мөч хаяанд ирлээ. МХБХ, Хөл бөмбөгийн лигийн зөвлөл, Монголын спортын корпорацитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Премьер лиг зохион байгуулалтын шинэ түвшинд явагдаж эхлэх бөгөөд лигийн шинэ өнгө төрх, брэндинг, ирэх 6 жилийн стратеги төлөвлөгөөг танилцуулах ёслол Централ тауэрт боллоо. Энэхүү ёслолд холбооны удирдлагууд, Премьер лиг, 1-р лигийн багуудын төлөөлөл болон Франц, Турк улсын элчин сайдууд оролцов. Европын хөл бөмбөгийн томоохон лигүүд холбооноосоо тусдаа, бие даасан компанийн байдалтай үйл ажиллагаа явуулдаг жишгийн дагуу “Монголын Премьер лиг”ХХК албан ёсоор байгуулагдсан бөгөөд компанийн удирдах зөвлөлд лигийн бүх багийн төлөөлөл багтсан аж. Ингэснээр Премьер лигтэй холбоотой бүхий л шийдвэрт багийн эзэд голлох нөлөөтэй оролцох боломж бүрдээд байна. Арга хэмжээний эхэнд Brainstorm компанийн гүйцэтгэх захирал Б.Одбаяр Премьер лигийн шинэ лого, брэндингийг танилцуулав. Тус компани сагсан бөмбөгийн дээд лигийн брэндингийг мөн хийсэн бөгөөд энэ удаа гаднын олон лигийн брэндингийг судалсны үндсэн дээр монгол онцлогийг агуулсан брэндинг бүтээснээ тайлбарласан юм. Мөн Монголын Премьер лигийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр ирэх 6 жилийн стратеги төлөвлөгөө дараах үндсэн 5 зорилгод чиглэж буйг танилцуулав. Тухайлбал :
-Үзэгчид рүү чиглэсэн үйлчилгээ, үзэгчдийн сэтгэл ханамж
-Шударга тоглолт
-Шууд дамжуулалт, технологийн шийдлүүд
-Клуб, тамирчдын хөгжил, үйлчилгээ
-Маркетинг, засаглалын шинэчлэл гэсэн 5 чиглэлд түлхүү анхаарч ажиллана гэдгийг танилцуулав. Эдгээр 5 зорилго нь цаашид клубүүдийг чадавхжуулах, үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, шүүлтийг шинэ түвшинд гаргаж, гадаадаас шүүгчид урьж авчрах, шууд дамжуулалтын чанарыг сайжруулах, гадаад харилцааг хөгжүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, статистик мэдээллийг тогтмолжуулах, тамирчдыг даатгал, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хөл бөмбөгийн талбайн гадна үзэгч, тамирчдад зориулсан хоолны гудамж байгуулах… зэрэг 125 дэд зорилтод хуваагдаж байгаа юм. Энэ бүх ажлыг ирэх 6 жилд шат дараатай хийж гүйцэтгэнэ гэдгийг энэ үеэр онцоллоо. Стратеги төлөвлөгөөг танилцуулсны дараа багуудын төлөөллүүд сонирхсон асуултандаа хариулт авах чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв. Монголын Премьер лигийн 2-р хагасын тоглолтууд 2024 оны 3-р сарын 1–31-ний хооронд Төв аймагт байрших АЙРДОМ бэлтгэлийн талбайд явагдах бөгөөд 4-р сарын 5 нд гадаа талбайн нээлт болох юм. 2023-2024 оны Премьер лигт оролцож буй 10 баг тус бүр одоогоор 9 тоглолт хийгээд байгаа бөгөөд “Булган ФС Фалконс” баг 25 оноогоор хүснэгтийг тэргүүлж, “Дэрэн” клуб 21 оноогоор удаалж байна.
Эх сурвалж : Монголын Премьер Лиг