Эргэлзээтэй торгуулийн цохилт тоглолтын эцсийн дүнд нөлөөлөв
Монголын Премьер лигийн 11-р тойрогт учраа таарсан ДЭРЭН 2:2 ХОРОМХОН. Тун ширүүн уур амьсгалтай явагдсан энэхүү тоглолтод шүүгч 7 шар, 2 улаан хуудас өргөв. “Дэрэн”-гийн Давидын баруунаас дамжуулсан бөмбөгийг довтлогч Ц.Далайцэрэн нэмснээр эхний гоолыг гуядаж цохин оруулснаар улирлын 5 дах гоолоо бүртгүүлж, багийнхаа мэргэн бууч Б.Өсөх-Ирээдүйтэй гоолын тоогоороо тэнцэж ирэв. 2-р үед “Дэрэн”-гийн ахлагч О.Мөнх-Оргил торгуулийн талбайдаа “Хоромхон”-ы ахлагч Т.Мөнхбаатарыг унагаж, шүүгч пенальти заасан. Удаашруулсан бичлэгээс харахад нэлээн эргэлзээтэй харагдсан. Торгуулийн цохилтыг Н.Наранболд амжилттай гүйцэтгэснээр улирлын 9 дэх гоолоо оруулан, тоог тэнцүүлэв. Тэрээр гоолын баяраа тэмдэгдэхдээ өрсөлдөгч багийн хөгжөөн дэмжигчид рүү хандсан онцгүй үйлдийнхээ улмаас шар хуудсаар торгуулсан. Тоглолтын 81 дэх минутанд И Си Ёны баруунаас дамжуулсан бөмбөг автогоол болон орсноор “Дэрэн” дахин тэргүүлж эхэлсэн. Энэ гоолын дараахан О.Оюунбаатар улаан хуудас авч, талбайг чөлөөлснөөр “Хоромхон”-ы нөхцөл байдал улам хүндэрсэн. “Дэрэн”-гийн Н.Хашчулуун ч мөн улаан жавтий хүртсэн. Гэхдээ сэлгээгээр талбайд гарсан Г.Нарангэрэл шүүгчийн мэдлийн цагийн 95 дах минутанд бужигнаан дундаас гоолдсоноор ширүүн өрсөлдөөнтэй тоглолт 2:2-оор тэнцээгээр өндөрлөлөө. “Дэрэн”-гийн хувьд “Хоромхон”-ы эсрэг хийсэн сүүлийн 9 тоглолтдоо хожигдоогүй амжилтаа 10 болгон ахиулав. Дараагийн тойрогт “Дэрэн”-гийнхэн “Хаан Хүнс-Эрчим”-тэй тоглох бол “Хоромхон” “Брера Илч”-тэй тулах болно.
“ДЭРЭН” багийн довтлогч Ц.Далайцэрэнгийн яриа Бичлэг үзэх
“ХОРОМХОН” багийн хагас хамгаалагч Г.Нарангэрэлийн яриа Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр “Хоромхон” багийн хаалгач Э.Ган-Эрдэнэ тодорлоо.
Монголын Премьер Лиг