Эрчим багийн Япон тоглогчид урд шугамд илүүрхэв

Дээд лиг. 2-р тойрог. Тоглолт-10. Бишрэлт Хоромхон 0 : 4 Эрчим. Улирлын эхний тоглолтоо ялалтаар эхлүүлсэн  багуудын хувьд тоглолтоо аль нэг нь хожил аваад дуусгах уу, эсвэл эвийн гэрээгээр адилхан оноо аваад өндөрлөх үү гэдэг 2 хувилбар л тэдний өмнө байв. Гарааны бүрэлдэхүүн яг адилхан гэхэд болно. Урд шугамдаа дан легионер тоглогчдоо гаргацгаав.

 

 

 

Яах аргагүй энэ улирлын хүлээлт өндөртэй тоглолтуудын нэг. Урд шугамд хэн илүү гэдгээ харуулах тоглолтонд Хоромхончууд бөмбөгийг тоглолтонд оруулан довтолгоог эхлүүлэв. Удалгүй Эрчимийнхэн сөрөг давшилтанд орж эхний цохилтыг хаалга руу хийлээ. 20 дох минутанд өөрийн талбайгаас эхлүүлсэн легионеруудын эрчимтэйхэн довтолгоо үр дүнгээ өгч, гарааны тоглолтонд 7 гоолтой гялалзсан Коү Готоү эвтэйхэн цохиод тоог нээв. Гурвын гурван хамгаалагч түүний эсрэг юу ч хийж чадсангүй. Энэ үеийн төгсгөлийн 45+1 минутанд их сонин бөмбөг хаалганд орж орхисон. Шарууд баруун жигүүрийг сэт дайран багийн ахлагч #2 Ц.Энхжаргал агаарын тулаанд ялж, #28 Ч.Шинэзуун хаалга руу цохилт хийв. Бөмбөг хаалганы шонд ойж, нүүрний шугам дагаж ирэх үед хамгаалагч бөмбөгийг зайлуулж амжсангүй довтлогч бөмбөгийг туусаар өөр нэг япон хөл бөмбөгч Тоши Макимотод бараг тавын шугам дотор бэлэн хоол бэлдэж өгснийг тэрээр бүрэн дүүрэн идэж уув. Тоо 2:0. Эхний үе өндөрлөлөө.

 

 

2-р үеийн тоглолт эхлээд 11 минут өнгөрч байхад Тоши Макимото 20 гаруй метрээс хүчтэй цохилтоор дахин нэг гоол оруулснаар Хоромхоныг хүнд байдалд оруулав. Хаалгач зөв үсэрсэн ч бөмбөг хаалганы зүүн доод шороон булангаар яалтачгүй орох нь тэр. 75 дах минутанд Эрчимийнхэн хурдаар илүүрхэн зүгээр л наадаж орхив. Ч.Шинэзуун эсрэг багийн дамжуулалтыг таслангуутаа огцом хурд хийн урагш зогсолтгүй давхисаар өнөөх гоолын машин Коү Готоүд “Май хий” гээд дамжуулалтыг өглөө. Тоттехэмийн Солонгос тоглогч л үе үе ингэж хурдалдаг санагдана. Яг л адилхан.

 

 

Бүтэн тоглолтын бичлэг

 

Тоглолтын гэрэл зургаас

 

2-р тойргийн дараах байдлаар Эрчим, Дэрэн, Улаанбаатар клубүүд 2 хожилтойгоор хүснэгтийн дээд талд нэрээ бичүүлж, тэдний араас 50%-ийн амжилттай яваа 4 баг, тэгээд хожил авч амжаагүй 3 баг жагссан байна. Үндэсний шигшээ багийн тоглолттой холбоотойгоор түр завсарлаад дараагийн тойрог эхэлнэ.