Яармагийн талбай руу нүүсэн яаруу давчуу тоглолт
Дээд лиг. 7-р тойргийн нөхөн тоглолт. Улирлын тоглолт-33. Хоромхон клуб 0 : 8 SP Falcons FC Нийслэл хотод босон цахилгааны саатлын улмаас хойшлоод байсан хоёр багийн 7-р тойргийн нөхөн тоглолт Яармагийн талбай руу шилжиж, яаруу давчуухан явагдав. Багуудын гарааны бүрэлдэхүүний мэдээлэл байхгүй. Шууд дамжуулалт бас л байхгүйтэй адил. 2-р үеийн эхнээс арваад минут дамжуулсан болоод гацаад, тасраад алга болсон. Аливаа спорт хөгжих гэж байгаа бол үзэгчдээ хүндэлж байж л хөгжинө. Телевизийн сувгаар шууд дамжуулалт байхгүй бол ядаж сошиалаар үлгэн салган ч яваад байсан дамжуулалтаа сайжруулчихвал уул нь болмоор санагдах юм. Тоглолтын эхний гоолыг Фалконсын #13 С.Отгонцагаан эхний үе дуусахаас 2 минутийн өмнө оруулснаар тоглолт завсарласан. Харин 2-р үеийг шонхорууд шуурган довтолгоогоор эхлүүлж, хаалганы өмнөх бужигнаан дундаас ойж ирсэн бөмбөгийг #77 Паулино Феррера Андрей цөм цохилтоор оруулан, тоог 2:0 болгов. Дараа нь 51 дэх минут эхлэхтэй зэрэгцэн, мөн л Паулино Феррера Андрейгийн дамжуулалт, оролцоотойгоор #7 М.Батхишиг хаалгачийн өмнө ганцаараа гарч ирснээр 3 дах бөмбөгийн төвөггүй оруулсан. Удалгүй #9 М.Жансерик, дахиад М.Батхишиг, Паулино Феррера Андрей, тоглолтын төгсгөлд Б.Намсрай 5 минутанд 2 гоол нэр дээрээ бичүүлснээр тэд 8:0-ийн харьцаагаар ээлжит ялалтаа авцгаалаа.