Өмнөд Солонгост юу болов? Яагаад парламентын гишүүд нь цэргийнхний хамгаалалтыг сэтлэн, хашаа давж орон саналаа өгцгөөв?!

469368322_1106532144601282_5751364530470073163_n
Өчигдөр үдэш 23:00 цаг өнгөрч байхад БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл улс орон даяар цэргийн онц байдал зарлав. Тэрээр сөрөг хүчнээ төрийн эргэлт хийх гэж байсан, прокуроруудыг сүрдүүлсэн, БХЯ-ны сайдыг дарамталсан, Хойд Солонгосуудын нөлөөнд орсон, төсвийг эсэргүүцсэн гэж мэдэгдсэн. Онц байдал зарлах үед БНСУ-ын зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд оров. Хэргийн учир парламентын хоёр том намын хоорондын зөрчлөөс үүдэлтэй. Тэгээд ерөнхийлөгч нь нэг талаараа газар авахуулахгүй гэж нөгөө талаараа хэсэг бүлгийн нөлөөллийг хэт дөвийлгөхгүйгээр намжаах бодлого гэж харахаар байлаа.
“Дотоодын улс төрийн сөрөг хүчнээ айлган сүрдүүлэх зорилгоор дайны үеийн онц байдал зарлалаа. Ингэж болохгүй. Хүчний байгууллагуудаар далайлгадаг коммунист арга барил үнэртэж байна” гэж сөрөг хүчин нь түүнийг эсэргүүцлээ. Манайд энэ явдал аль эрт эхлээд, иргэд нь нэгдсэн зохион байгуулалттай тэмцэж чаддаггүйг сайтар мэдсэн улс төрийн намууд нь өвөр түрийндээ бүүр дундаа ороод ужгирчихсан асуудал юм. Харин энэ үеэр Сөүл хот дох Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас “БНСУ-ын Ерөнхийлөгч 2024 оны 12-р сарын 3-ны өдрийн оройн 22:15 цагийн үед “Онц байдал” зарлалаа. Онц байдал зарласантай холбогдуулан БНСУ-д оршин сууж байгаа иргэд Та бүхэн хүлээцтэй, тайван байх, аль болох гадуур явахгүй байх, Монгол Улсын иргэдтэй холбоотой мэдээлэл байгаа тохиолдолд ЭСЯ-ны шуурхай утас 010-9595-3464 дугаарт яаралтай холбогдоно уу” гэсэн мэдэгдэл хийсэн.
БНСУ-ын Үндэсний хурлын дарга Вo Вун Сюк “Дайны байдал зарласныг хориглох тухай” хуулийн төслийг орон нутгийн цагаар 00.00 цагт Үндэсний Ассемблейд өргөн барилаа. Ассемблейн хуралд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Санал хураалтанд 300 суудалтай үндэсний ассамблейн гишүүдийн 190 нь уг тогтоосон цэргийн онц байдлыг цуцлах санал өгсөн байна. Ийнхүү парламентынхаа эсэргүүцэлтэй тулсан төрийн тэргүүн өөрийн зарласан “Онц байдал”-ыг цуцлав. “Дайчлагдсан цэргүүд буцаж, хэвийн байдалдаа шилжсэн” гэж штабуудын нэгдсэн хорооны дарга нар мэдэгдлээ. Онц байдал цуцлагдсаны дараа сөрөг хүчний бүлгийн гишүүд ерөнхийлөгчийг шүүмжилж, огцруулах санал санаачилна хэмээн мэдэгдэв. Яагаад парламентын гишүүдийн олонх нь цэрэг хүчний хамгаалалтыг сэт дайран, зарим нь парламентын ордныхоо хашааг хүртэл давж орцгоон саналаа өгөх болов?
Сэтгүүлч Н.Тамир