Монголын ширээний теннисний өсвөрийн тамирчид Японы нийслэлд болсон “Азийн хүүхдүүд спорт солилцооны наадам”-д оролцоод ирлээ. Тэд өмнөх жилүүдийнхээ 10-13-р байрыг ахиулан, 7-р байранд оржээ. Тус тэмцээнд Азийн ширээний теннис өндөр хөгжсөн 15 хотын баг холимог багийн төрлөөр тоглодог бөгөөд охид, хөвгүүд ганцаарчилсан, хос болон холимог хос гэсэн 5 төрлөөр тоглон, эхэлж 3 хожсон баг хожих дүрэмтэй. Манайхан хэсгийн тоглолтод Энэтхэгийн Делиг 3:1, Японы Иватег 3:2-оор хожиж, БНХАУ-ын Бээжин хотын багт 3:1-ийн харьцаагаар хожигдож, хэсгээсээ дэд байраар гарсан. Тэмцээний дүрмээр хэсгээс зөвхөн 1-р шалгарсан багууд л медалийн төлөө тоглох боломжтой байв. Хэсгээс 2-р гарсан Улаанбаатар баг 5-6-р байрын төлөө Японы Токио А багт 3:1-р хожигдон, 7-р байрын төлөө Сингапурын хүчтэй багтай урамтай сайхан тоглосноор 3:2-оор буулган авсан юм. Хэсгийн сугалаа эвтэйхэн таарсан бол медалийн төлөө ч тоглох боломж байв. Тэмцээний дүн гарахад Бээжин хотын баг түрүүлж, Токио, Хонгконгийн багууд удаах байранд орсон байна.