Хөвсгөлийн М.Баасанжав сумын заануудыг дахин манлайллаа

Сумын цолтон залуу бөхчүүдийн 112 дахь удаагийн, улиран одож буй оны отгон барилдаанд 544 шижигнэсэн бөхчүүд уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харъяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, сумын баяр наадмын 2 түрүүтэй Мөнхбаярын Баасанжав түрүүлж, Увс аймгийн Наранбулаг сумын харъяат, “Увс нуур” дэвжээний бөх, сумын баяр наадамд гурвантаа түрүүлсэн заан Амарбатын Баянмөнх үзүүрлэв. Гуравт Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, “Нью Бест Хаус” ХХК-ийн бөх, сумын баяр наадмын 4 түрүүг хүртэж байсан заан Б.Бат-Эрдэнэ үлдсэн бол тавд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын заан Х.Чойжилсүрэн, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, сумын баяр наадмыг 5 удаа манлайлсан заан Д.Хандсүрэн нар шалгарлаа. Есөд сумын заан Г.Батзориг/Ховд/, Б.Хаш-Эрдэнэ/Баянхонгор/, Ж.Мягмарсүрэн/Өвөрхангай/, Х.Жарденбек/Баян-Өлгий/ нар үлджээ. Барилдаан бүрд олгодог “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Төв аймгийн Батсүмбэр сумын начин М.Өсөхбаярт, Үнэнч үзэгчийн нэрэмжит “Дайчин барилдааны шагнал”-ыг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харъяат, сумын заан Х.Гасырбек нарт бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Б.Баатархүү гардуулсан байна. Энэ жилийн барилдаан 12-р сарын 29 нд болох Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулсан “Ерөнхийлөгчийн цом”ын шилдэг 128 бөхийн барилдаанаар отголно.