Лигийн тэмцээний плэй-оффын хагас шигшээ тоглолт-4/1:3/ IHC Aпес 76:84 Бишрэлт Металл   Тоглолтын тойм

Энэ улирлын тоглолтын туршид үзэгч олны талархлыг хүлээж байгаа 2 шилдэг багийн хагас шигшээгийн ээлжит тоглолт өмнөх 3 тоглолттой харьцуулахад санасныг бодоход дуулиан шуугиан багатай аядуухан болж өндөрлөв. Тоглолтын эхнээс ирэх шахсан хамгаалалтыг яаж сэтлэхээ Металлынхан сайн тооцож орж ирсэн нь илэрхий байлаа. Нэг нь бараг бүх тоглогчдоо бүтэн ашиглаж, нөгөө нь 8 тоглогч буюу үндсэн бүрэлдэхүүн дээр суурилсан тоглолт үзүүлцгээв. Онооны хувьд Т.Ууганбаяр 18 оноо, Б.Сүхбат 17 оноо, Ж.Блэнд 15 оноо авсан бол Апесаас Б.Тулуй 21 оноо, М.Өлзий-Орших, Ц.Санчир нар 10 оноо авцгаасан. Холын шидэлтийн статистик тааруухан мөртлөө сонирхолтой санагдав.  Лигийн дэд аваргуудаас 2 тоглогч л 5 шидэлтээ унагаасан 5/22. Өрсөлдөгчид нь 8/29 буюу 5 тоглогч 8 шидэлтээ оноо болгожээ. Мөн тэд бөмбөг алдалт их хийж, шахсан хамгаалалт хийгээд амжилтгүй болонгуут алдааны асуудалд дараалан орж байв. Бишрэлт Металл багийнхан тоглолтын дунд үед сул гарсан оролтуудаа 4-5 удаа алдаж орхисныг хараад ихэд гайхлаа. Торгуулийн шидэлт аль аль нь алдацгаасан. Гэхдээ цэнхэрүүд арай илүү 9 удаа. IHC Aпес баг ерөнхийдөө нэг тийм унжгардуу, гал цоггүй тоглосон нь шүтэн бишрэгч нарынхаа шүүмжлэлд ч өртөөд амжив. Мэргэжлийн спортод байдаг л зүйл л дээ. Хөндлөнгөөс харахад  тоглолт яг жигдрээд болж байхад гэнэт олноор нь сэлгэж байгаа нь тийм ч оновчтой шийдэл биш л харагдах. Анхнаасаа системгүй урсгалаараа явж ирсэн манай нөхцөлд тоглолт бүр дээр шууд бэлдсэн стандарт хувилбарууд үргэлж явах нь хэр оновчтой юм бол. Магадгүй зарим үед ур чадвартай тоглогч нарынхаа тоглох боломжийг нээж өгвөл, нэг ёсондоо дадсан байрлал дээр нь чөлөөтэй тоглуулахад ч буруудмааргүй. Тогтож эхлээд буй багийнхаа системийг хадгалангаа хааяа хааяа бага зэрэг өөрчлөлт хийвэл яасан юм гэж Лале дасгалжуулагчид хэлмээр санагдах. Эсрэгээрээ Металлуудын хэн дуртай нь айлын талбай руу дураараа орж, хамгаалалтыг сэтлэн, бусаддаа оноо түүх боломж гаргаж өгөөд байсан нь 4 дэх тоглолтонд тэдний хожих гол шалтгаан болох шиг. Дээр нь лигийн шахуу хуваарь, шигшээ багийн тоглолтын дарамт, сошиал хэнээрхэл дээд цэгтээ хүрсэн нь ч бүх тамирчдад сөргөөр нөлөөлж л байгаа. Тамирчдын талаар өгүүлэхэд А.Смит, К.Уолкер нар нөөц бололцоогоо гаргаж чадсангүй. Ялангуяа А.Смитэд бөмбөг өгөх тал дээр муу ажилласан бол Б.Тулуй, Ц.Санчир, Н.Ганбаатар нар урьдын адил хийх ёстойгоо чимээгүйхэн хийцгээв. Т.Ууганбаяр шигшээ багт гялалзсан эрчээрээ тоглож, Б.Сүхбат хэрэгтэй үед оноо салгаж, хоёр дох боломж дээр Н.Төмөрчөдөр металл шигээ гялтагнан, Ж.Блэнд ч өөрийгөө мэдэрснээ хангалттай харуулан олон ч алдаа салгасан. Ийм нэг харахад аядуухан ч хазаарлахад төвөгтэй тоглолт ямар ч гэсэн үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадлаа, чадлаа. Дараагийн 5 дах тоглолт юм юмтай, гал дөл бадарсан айхтар тулаан болох нь ойлгомжтой. Шинэ үеийн залуусын шижигнэсэн тоглолт биднийг уйдаахгүй бололтой шүү.

 

Спортын сэтгүүлч Н.Тамир

 

Т.Ууганбаярын яриа   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг