Брера Илч баг баараггүй хоёр дараалан хожлоо

Монголын Премьер лигийн 12-р тойрог. Хоромхон 3:4 Брера Илч. Өвлийн завсарлагаас хойш “Брера Илч” клуб тун өнгөлөг байна. Тэд өмнөх тойрогт энэ улирлын хамгийн том ялалтыг “Баварианс”-ын эсрэг байгуулсан бол энэ удаа хүснэгтийн дөрөвт жагсаж буй “Хоромхон”-ыг 4:3-аар буулгаж авлаа. Ингэснээр тэд 9 оноотойгоор 8-р байр руу дэвшиж, хасагдах бүсээс холдож эхэллээ. Япон легионер Сайто Аато өмнөх тоглолтод хет-трик хийсэн бол энэ удаа дубль хийж, нийт 8 гоолтойгоор мэргэн буучдын өрсөлдөөнд хүч түрэн орж ирсэн. Түүний хэд хэдэн хамгаалагчийг хуурч оруулсан 2 дох гоол тун ч ганган байлаа. Залуу довтлогч А.Содмөнх 2 тойрог дараалан гоолдож, нийт 5 гоолтой болов. Итали довтлогч Маттео Ортолани мөн хоёр тойрог дараалан гоол оруулсан байна. 4:1-ээр хожигдож явсан “Хоромхон”-ы хувьд ширүүн довтолгоо өрнүүлсээр 4:3 болгон ойртуулсан. Гэвч тэнцээний бөмбөг хийхэд цаг дэндүү бага үлджээ. “Хоромхон”-ы хувьд довтлогч Н.Наранболд шар хуудасны шийтгэлийн улмаас энэ тоглолтыг өнжсөн нь том гарз байв. Түүнийг орлон төвийн довтлогчоор тоглосон Т.Мөнхбаатар багийнхаа 2 гоолыг оруулсан. Ингэснээр 9 гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтын дэд байрт бичигдэж эхэллээ. “Хоромхон” дараагийн тойрогт “Хаан Хүнс-Эрчим”-тэй тоглох бол “Брера Илч”-ийнхэн өнгөрсөн улирлын аварга “Улаанбаатар”-тай тулна.
“Брера Илч” багийн довтлогч А.Содмөнхийн яриа   Бичлэг үзэх
“Хоромхон” багийн дасгалжуулагч С.Пүрэвсүхийн яриа   Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр “Брера Илч”-ийн довтлогч А.Содмөнх тодров. Тэрбээр энэ тоглолтод багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм.