Багийн ахлагч О.Мижиддоржийн хет-трик
Монголын Премьер лигийн 12-р тойрог. Улаанбаатар 5:1 Баварианс. Өвлийн завсарлага дуусч, хаврын тойрог эхэлснээс хойш гоол оруулж чадалгүй 2 дараалан хожигдоод байсан “Улаанбаатар” клуб энэ тойрогт “Баварианс”-ыг 5:1-ээр буулгаж авлаа. Үндэсний шигшээ багийн довтлогч, багийн ахлагч О.Мижиддорж “Баварианс”-ын хаалгыг 3 гоолоор мялааснаас гадна нэг гоолын дамжуулалт өгч, тоглолтын гол баатраар тодров. Ингэснээр тэрбээр 5 гоолтой болж, мэргэн буучдын өрсөлдөөнд орж ирлээ. Өвлийн солилцооны цонхоор “Брера Илч”-ээс “Улаанбаатар”-т нэгдсэн залуу довтлогч У.Тэмүлэн шинэ багийнхаа төлөө анхны гоолоо мөн оруулжээ. Солонгос легионер Пак Сун Гёл ч алсын хүчтэй цохилтоор Монголын лигт анхны гоолоо бүртгүүлж, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулаад амжив. Харин “Баварианс”-ын япон легионеруудын хослол 2-р үеийн эхэнд амжилттай довтолж, Тосака Хюгогийн дамжуулалтаар Акира Удгава хаалгачийг давуулж цохин гоолдсон юм. “Улаанбаатар” клуб улирлын 6 дах ялалтаа байгуулснаар 18 оноотой болж, хүснэгтийн 6-р байр руу дэвшиж байна. Тэд ирэх тойрогт “Брера Илч”-тэй тоглох бол “Баварианс”-чууд ард нь бичигдэж буй “Ховд” клубтэй тун чухал тоглолт хийх хуваарьтай аж.
Тоглолтын шилдгээр “Баварианс” багийн хаалганд 3 гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн “Улаанбаатар” клубийн ахлагч О.Мижиддорж тодорчээ.