Парисын олимпын эмэгтэйчүүдийн 50 кг, 66кг, эрэгтэйчүүдийн 51 кг, 57 кг, 71 кг, 92 кг-ын жингүүдийнн боксчдын урьдчилсан тулаанууд явагдлаа. 50 кг-ийн жинд Азийн наадмын хүрэл медальт, дэлхийн аваргын 2 удаагийн 1/4 финалист, ОУХМ Оюунцэцэгийн ЕСҮГЭН Колумбийн боксчин Риогийн олимпын наадмын хүрэл, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, 1988 онд төрсөн 36 настай хашир туршлагатай Валенсиа Викториа Ингриттэй тулалдав. О.Есүгэний яриа  Бичлэг үзэх

Рингийн шүүгчийн дохиотой зэрэгцэн колумби боксчин зүүн гарын хажуугийн цохилтоор шийдэмгий довтолж тулаан эхэллээ. Тэр солгой өрөлттөй, хөл дээрээ хөнгөн ажилладаг, хурдтай, тэсрэлттэй, хоёр гараа хүч гаргахгүй хурдтай сулхан шиддэг, баруун шулуун, зүүн хажуу цохиод алхам ухарч зүүн угтуулж, сурамгай цохидог ер нь л туршлагатай, өндөр ур чадвартай боксчин болох нь шууд харагдаж байв. Манай боксчин шулуун, дороос, хажуугийн цохилтуудаар довтлон, ерөнхийдөө урагшаа давшингуй явж байлаа. Валенсиа Ингрит Куба болон Латин америкын боксчдын стилээр хөнгөн дэгдэж, тойрч Есүгэнийг ухасхийх мөчид зүүн гараар чадмаг угтуулж цохичихоод байх юм. Колумби бүсгүй хойт гараар угтуулсны дараа нэлээн доторлож, баруун хажуу татдаг, зүүн гараар доогуур цохидог тамирчин аж. Бүсэлхийнээс доогуур цохиж, шүүгчээс хэд хэд сануулга аваад амжлаа. Есүгэний баруун шулуун хааяа оновчтой болж байсан ч тоо нь цөөн байлаа. Эхний раундын сүүлийн 45 сек орчмоос Есүгэний довтолгоо нэлээдгүй нягтарч ширүүсэн, баруун шулуун, зүүн хажуугийн цохилтууд боломжийн оновчтой байсан ч колумби боксчны угтуулсан цохилтуудад оногдсон хэвээр энэ үеийг дуусгалаа. Эхний үеийн хажуугийн шүүгчдийн оноо 5:0. Колумбn боксчны талд гарлаа. 2-р үеийг Есүгэн баруун шулуун оновчтой цохисноор эхлүүлэв. Раундын эхний нэг минут орчим манай боксчин угсарсан олон цохилтоор довтлон давамгайлж байсан ч дараагийн минутаас өрсөлдөгчийнхөө нөгөө л угтуулсан зүүн гарын цохилтуудад таван ч удаа дараалан оногдов. Раундын сүүлийн минутанд өрсөлдөгч нь хөл дээрээ хөнгөн ажиллаж тойрч, налж, нырок хийж орж гарч маневр сайтай ажиллаж байв. О.Есүгэн дайрсаар, колумби тамирчин зүүн дороос, баруун хажуу татаж тойрсоор раунд дууслаа. Энэ үеийн шүүгчдийн оноо нэгийн адил 5:0 гарлаа. Хоёр раундад 5:0-ээр ялагдаж яваа боксчин нэг бол хүнд цохилтоор дутуу гаргах, эсвэл ямар нэг байдлаар өрсөлдөгчөө торгуулж, дээрээс нь оноогоор илт давуу 10:8-аар хожих боломж л байдаг. 3-р үед Есүгэний довтолгоо илүү дарамттай байсан ч үр дүн санаанд хүрэхээргүй бага байв. Валенсиа Ингрит тактикын тулаан хийж, тойрч маневрлан, бага зэрэг хожигдсон ч ялна гэдгээ сайн мэдэж байв. Нырок хийхдээ толгойгоороо хэд хэд аюултай доогуур байж шүүгчээс сануулга авсан. Тэр байдлыг нь ашиглаж улам шахаж торгуулбал сайн байлаа. Гэхдээ тэр туршлагатай учир үүнийг мэдэж битүү хамгаалалт авч гар дээрээ О.Есүгэний цохилтуудыг авах болсон. Хоёр боксчин энэ үедд хэд хэдэн удаа харилцан цохилцож оновчтой цохилтууд солилцов. Есүгэний баруун гарын дороос цохилтууд хэд хэд оносон, харьцангуй ч цөөн байлаа. Тулааны төгсгөлд Есүгэн нилээд суларсан шинжтэй, биеэрээ орж өрсөлдөгчийнхөө угтуулсан цохилтуудад хэд хэд оногдов.

 

 

Хажуугийн шүүгчдийн 5:0 оноогоор Есүгэн маань хашир туршлагатай, алдартай боксчинд ялагдал хүлээж, Парисын олимпийг өндөрлүүллээ. Залуу байна, засах юм их байна, ирээдүйд энэ өрсөлдөгчөөсөө ч илүү амжилтанд хүрэх боломжтой. Боксын спортод эмэгтэйчүүдэд нас бол тоо. Финландын Мира Потконён гэдэг боксчин 41 насандаа Токиогийн олимпоос хүрэл медаль авч байсан түүх шинэхэн байна.

 

Эх сурвалж : Nainaa Tseelee

Гэрэл зураг  Монголын Үндэсний Олимпын Хороо – MNOC