Э.Дэлгэрмаа Японы бөхтэй дагах барилдаан хийнэ
Олимпын наадмын бөхийн чөлөөт барилдаан бөхчүүдийн хувьд эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингээр эхэллээ. ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Энхсайханы ДЭЛГЭРМАА дэлхийн шилдэг 15 бөхтэй хүч бяраа сорихоор Парисын дэвжээнээ хүрэлцэн ирсэн. Түүний эхний учраа олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медальт Киргызстаны тамирчин Мээрим Жаманзарова. Тэрээр өмнөх олимпын наадамд С.Батцэцэг гавъяатыг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж байсан бөх.
Барилдааны эхний үед 2 бөх тун ч няхуур барилдав. Минут гарангийн барьцны төлөөх өрсөлдөөн, тулалтын дараа өрсөлдөгч бөх дээр торгуулийн цаг явснаар манай бөхөд эхний оноо ирэв. Завсарлага болоход 50 сек үлдээд байхад Э.Дэлгэрмаа зүүн сугадаж мушгин ард нь гарч оноогоо ахиулж чадав. Дараа нь олимпын медальтны хоёр ч айхтар дайралтыг няцаалаа. Ингэснээр 1-р үе 3:0-ээр өндөрлөлөө. Шийдвэрлэх үеийн барилдаан эхлэнгүүт хашир Киргыз хөлд лав хамж орж, манай тамирчин хамгаалж цээжээ эргүүлж, хажуугаараа унасан ч нэгэнт оройтсон байв. Шинэ дүрмээр босоогоос нисэлттэй хийсэн л бол том оноо өгдөг болж. Угсруулаад хэрээс мэхний барьц лавширсаар оноо 3:8 болов. Маш богинохон хугацаанд барилдааны хувь заяа ийн шийдэгдлээ. Олимпын дэвжээнд сул өрсөлдөгч байх биш дээ. Гэхдээ л сургамжтай барилдааныг дагаад бодох, засаж сайжруулах зүйл их үлдлээ.
Гэрэл зургийг Д.Нямбилэг
Киргызстаны бөх шигшээд шалгарсан учраас Монголын бөх дагаж барилдах эрхтэй үлдэв. Дэлхийн хошой аварга, Японы бөх Нонока Озакитэй уран мэхийг уралдуулах хүнд бөгөөд хариуцлагатай даалгавар түүний өмнө байна. Барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлнэ.
Mongolian Wrestling Federation