Хоёр дараалаад хожиход дүүгүүрийн чулуу шиг л огцом урагшилдаг юм
Дэлхийн шатрын XXXXV олимпиадын 7-р өрөг. Гай газар доороос гахай модон дотроос гэж Ливаны тэргүүн тоглогч FM Акрам Ходэрийн тэнэсэн суманд Аамка өртсөнөөр жоохон сандаргаад авсан. Гэхдээ Мөнхдалайн Амилал, Эрдэнийн Баасансүрэн, Хуягцогтын Итгэлт нар ажлаа норм, төлөвлөгөөний дагуу хийснээр 3:1-ийн харьцаагаар залуучууд маань 3 дах хожлоо байгуулан, 2 тэнцээ, 2 хожигдолтой, 7 оноотой 70-р байрнаас 58 хүртэл урагшиллаа. Швэйцарь систэмийн нэг сайхан нь хоёр дараалаад хожиход дүүгүүрийн чулуу шиг л огцом урагшилдаг байгаа. Өчигдөр Итгэлт бас гоё тэхник харуулсан бэрсээ ханхайнаас нь шидээд, тоглолтыг хялбаршуулаа л зовлонгийн түргэн, жаргалын удаан болгож байна лээ. Өнөөдөр хоёр Амэрикийг холбодог Панамтай оноолт таарсан. Яахав цаасан дээр манайх чансаа илүү байгаа. Гэхдээ сул өрсөлдөгч, суга тоглогч гэж дэлхийн шатрын олимпиадад үзээд өгьe гэсэн ч байхгүй. Няхуур, нямбай, нягтлан бодогч нар шиг алдаа мадаггүй тооцоо хийгээд авах ёстой оноогоо авцгаах хэрэгтэй. Ятгах тусам нягтлана шүү. Өчдөр Сумьяагийн Чингүүн хэдэн ясаа амраасаан.
Өчдөр Германыг долоон уулын цаагуур далд ортол нь шиднэ гээд заал руу орцгоосон ч хожил бядны талд байсангүй. Гэхдээ алсангүй. Бас амраасангүй талыг там болтол тэмцэлдээд, 2 оноогоо хаа, гуяар нь салгаж аваад, нэг нэг оноотой хэн хэндээ гомдолгүй салцгаалаа. МОНГОЛ 2 : 2 ГЭРМАН. 2-р ширээнд нанчилдсан Батхуягийн Мөнгөнтуул хамгийн эхэнд Германы шатрын манлай Элизабет Паeцтай хайнцсан бол Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ 3-р ширээнд өрсөлдсөн. Тавилын төгсгөлд 2 бацаан илүү төхөөрсөн тэнцүү шахуу байрлалаас тэхник зэвсгийн эрдмээ харуулж байна лээ. 4-р ширээнд шотланд хамгаалалтаар наадсан Бат-Эрдэнийн Мөнгөнзул хар өнгөөр гараагаа тун аятайхан тавьсан ч 27-р нүүдлээс хойш хэд хэд хазгай гишгэн, айлд ээмшигтэй нүүргүй хүү үүсгэсэн нь хожигдлын шалтгаан боллоо. 5 өргөөс 4.5 оноотой идэж ууж явсан Б.Мөнгөнзул анхны тэг зогсолтоо хийлээ. Нар хүртэл мандаж, жаргадгийн. Чамд ч алдах эрх байгаа. Ганцхан хожигдолд хотойдог баян биш ээ. Заа ингээд 1.5 : 1.5 оноо тэнцүү бүх асуултын хариултыг Төрмөнхийн Мөнхзул өгөхөөр зааланд ганцаархнаа суугаад үлдсэн. Нэг хүү дутуу төгсгөлд кампуутэр өрсөлдөгчийг нь давуу гэж заагаад байдаг. Дайны хажуугаар дажин гэж айл хоёр camel-тай. Гэхдээ гараа, дунд үeд дутуу болчихвол төгсгөл гэж авралын од, амьдрах тасалбар байдаг Т.Мөнхзул маань морио тэмээгээр нь бартэрдаад, эсрэг хөлийн тэмээтэй үлдээд нам тэнцсэн. Эсрэг хөлийн тэмээний төгсгөлд гэдэг бол амь тариа ш дээ. Өчдөр Т.Мөнхзул лидерийн үүргийг сайн гүйцэтгэсэн. Өнгөрсөн жилийн Монгол улсын аварга Эрдэнэбаярын Хүслэн өчдөр хагас амарч, арын албанд ажиллан багийнхнаа байдгаараа дэмжсэн. Хожил, хожигдолтой нь цуг өндөлзөөд сууж байсан нь уйлгамжтай. Магадгүй өнөөдөр тулааны талбарт туг сүлдээ намируулаад тун чиг ууртай догшин гарч ирэх байх. Эмэгтэй шигшээ баг 11 оноотой 12-р байрт бичигдэж буй. Өнөөдөр Армян бүсгүйчүүдтэй аралцана, уралцана. Хэн хэддүгээр ширээг эзэгнэнхэн төрөх нь тодорхой болоогүй, удахгүй нэрс тодорно.