Гараан дээр ганц нүүдэл сольсноос болоод бүх тоглолт тэр чигтээ өөрчлөгдөж, хожигдож байсан удаа надад бий
Шатрын хөлгийн ард сууна гэдэг өөрөө их тэвчээрийг сургадаг. Мөн анхаарал төвлөрүүлж, юманд их хүлээцтэй хандах, аливааг зүйлийг олон талаас нь бодохыг сургадаг спорт юм. Мөн тухайн тоглож байгаа өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйн байдлыг ажиглаж, мэдээд сурчихдаг. Шатрын спортын нэг гол хэсэг бол өрсөлдөгчөө таамаглаж, анализ хийх явдал. Миний хувьд энэ бүгдийг сурсан. Бас эцэг эхийнхээ мөнгийг дэмий үрээгүй байх юмсан. Арай илүү хичээх юмсан гэх тэр хүсэл намайг илүү мэрийхэд тусалдаг. Тэмцээн бүр, аялал болгон өөрт маань их туршлага болж үлддэг. Тэмцээн гэдэг өөрийн чадварыг мэдрүүлж, одоогийн төвшин, ирээдүйн зорилгыг тодоор харуулдаг хайртай хүмүүсийн минь үнэ цэнийг мэдрүүлдэг зүйл гэж боддог. Мөн тэмцээнийг багшгүйгээр төсөөлж болохгүй. Тэр хүмүүс байгаа болоод л би өдий зэрэгтэй явж байгаа шүү дээ. Бүх багш нартаа БАЯРЛАЛАА. Сайн шатарчин байхын тулд хувийн зохион байгуулалт хамгийн чухал. Дээрээс нь өөртөө итгэлтэй байдал, сэтгэл зүйгээ удирдаж чадах нь бас чухал. Өөртөө итгэлтэй байна гэдэг нь бэлтгэлээ хангалтгүй хийсэн мөртлөө итгэлтэй байхыг хэлээгүй. Харин ч өөрөөсөө гарч болох бүх хүчээ дайчлаад, бэлтгэлээ өөрийнхөө түвшинд дээд зэргээр хангасан байдлыг хэлж байгаа юм. Надад нэг тэмцээн дээр багштайгаа өмнө нь өөр байдлаар нүүнэ гэж ярьж байгаад, гарааны хэсэг дээр ганц нүүдэл сольсноос болоод бүх тоглолт тэр чигтээ өөрчлөгдөж, давхар хийсэн нүүдэлдээ өөрөө хямраад хожигдож байсан удаа бий. Тэгээд дараа нь бодоход нүүдэл минь хожигдолд хүргэх хэмжээний нүүдэл биш байсан гэдгийг ойлгосон. Тэгэхээр би өөрийнхөө сэтгэл зүйг удирдана гэдэг их чухал юм.
Ү.ҮҮРИЙНТУЯА
/Шатрын эмэгтэйчүүдийн их мастер/