Азийн зуны спортын IV пара наадам хөшгөө нээлээ
БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн зуны спортын пара IV наадмын нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр болллоо. Энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү наадамд 44 орны 3780 тамирчин спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөхөөр хүрэлцэн иржээ. Манай улсаас спортын 14 төрөл/Жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон/-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаа, ур чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдөнө. Азийн зуны спортын пара наадмын түүхэнд хамгийн олон монгол тамирчин оролцож байгааг энд онцолъё. Наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугийг пауэрлифтингийн “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Ази тивийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, МУХБ, МУГТ Энхбаярын Содномпилжээ, пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий 4 удаагийн аварга, “Парис-2022” гранпригийн алт, “Софи-2022” гранпригийн мөнгөн медальт, МУГТ Хүрэлбаатарын Энхтуяа нар хүндэтгэл дүүрэн заллаа. Бичлэг үзэх
Манай улсын тамирчид өмнөх наадмууд буюу “Гуанжоу-2010” Азийн зуны спортын пара анхдугаар наадмаас 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байсан бол “Инчён-2014” наадмаас 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж байсан билээ. “Ханжоу-2022” Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Д.Нямхүү ажиллаж байгаа бөгөөд тамирчдын бэлтгэл сургуулилт хэдийнээ жигдэрсэн бөгөөд өнөөдөр таеквондо, жүдо бөхийн төрөлд өрсөлдөж эхэлнэ.
Монголын баг тамирчдын хамгийн, хамгийн : Олон оролцсон Э.Содномпилжээ/4 удаа/, хамгийн ахмад нь суугаа волейболын тамирчин Ч.Наранцэцэг/65 настай/, хамгийн залуу нь усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун/16 настай/ юм.