2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад зохион байгуулагдах ДАШТ болон 2027 онд Саудын Араб улсад зохион болох “Азийн цом”-ын тэмцээнүүдийн Азийн бүсийн урьдчилсан шатны Афганистан-Монголын шигшээ багуудын тоглолт Тажикстаны нийслэл Душанбе хотын цэнгэлдэхэд болов. Улс төрийн тогтворгүй байдлын улмаас талбайдаа болох тоглолтоо дундын талбайд хүлээн авсан хазарууд талбайн эзэн багийн хувиар тоглолтыг чамбай эхлүүлсэн бол манай залуус ч мөчөөгөө өгсөнгүй айлыг зоонд нь хэсэг шахав. Эхний үе 0:0. 2-р үеийн эхлэлийг Монголчууд давгүй тавьж, урагшаа давшсан, бөмбөг нэг бүрийн хойноос зүтгэцгээв. Тоглолтын 58 дах минутанд жигүүрийн хагас хамгаалагч Б.Батмөнх талбайн төвөөс бөмбөгийг хүлээн авч, Г.Ганбаярт дамжуулан, залуу довтлогч 16 метрийн талбайн гаднаас эсрэг багийн хаалганы бага талд хүчтэй цохисныг хаалгач мэдрэмж өндөртэй хаав. Багийн ахлагч Х.Цэнд-Аюушийн булангийн цохилтыг Г.Ганбаяр хойш мөргөн, бараг л чулуу болгох шахсаныг энд онцолъё. Эргээд сөрөг довтолгоо өрнөж, наад талын нүүрний шугамнаас Г.Ганбаяр бөмбөгийг дутуу цэвэрлэснийг Афганчууд чадварлаг ашиглан хаалга руу хүчтэй өшиглөснийг хаалгач Б.Ариунболд зайлуулж чадлаа. Дахиад бужигнаан дундаас 10 орчим метрийн зайнаас цохисон бөмбөг хаалганы шонг онов. Довтолгоо эрчимжсээр тоглолтын 60 дах минутанд баруун жигүүр рүү уралдуулж хаясан бөмбөг эзэндээ хүрч, нүүрний шугамаас амжиж дамжуулснаар эхний тоглогч бөмбөгийг мөргөж, удаах тоглогч Жабар Шарза манай багийн ахлагчийн өмнүүр шуурга шиг орж ирэн мөргөлөө. Тоо 1:0 болжээ. Тоглолтын тойм үзэх Довтлогч хүн зөв газраа, зөв цаг үед байрлалаа ашигтай эзэлсний хэрэг гарах нь энэ. Тоглолт дуусан дуустлаа өгөө аваатай үргэлжилж, үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр. Хөндлөнгөөс харахад тоглогчид шар, улаан хуудасны асуудалд их орж байна. Дасгалжуулагч тоглолт нь болж байгаа тамирчнаа шаардлагагүй үед сэлгэх, бөмбөг эзэмшилт, ойрын дамжуулалтууд тааруу, хамгийн гол нь хамгаалалтаас довтолгоонд шилжих үеийн эхний дамжуулалтууд оновчгүй, довтолгооны төгсгөлүүд нэг л болж өгсөнгүй. Харин хүнд гэмтлээс эргэн ирсэн багийн хаалгач Б.Ариунболдын хаалтууд үнэхээр гайхалтай байв. Дараагийн хариу тоглолтоо манай баг төрөлх нийслэлдээ, МХБХ-ны ногоон талбайдаа 10-р сарын 17-ны өдөр хүлээн авна. Хоёроос илүү бөмбөгөөр хожиж байж, үндсэн хэсэгт багтах эрхтэй болно. Боломж хангалттай бий. Урагшаа, залуус аа. Бүгдээрээ ч багаа тултал сайн дэмжицгээе.