Арслан заан манлайлж, харцага начин удаалсан түүхт ойн барилдаан
Архангай аймгийн Жаргалант сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улсын арслан “эрээн хавиргат” Баатарын Төрбат, улсын харцага Арцын Гончиг, улсын өсөх идэр начин Готовын Баасанжав нарын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэн, их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Түшээт ханы аварга” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Э.Даш нар шалгарав. Дунд шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн арслан Э.Мөнхжаргал, аймгийн арслан С.Цогтбаатар нар үлджээ.
Улсын өсөх идэр начин Г.Баасанжавын үр хүүхдүүдээс “Улсын цолд ойрхон” бөхийн шагналыг аймгийн арслан Э.Мөнхжаргалд гардуулсан бол Жаргалант сумын уугуул “Манц” компанийн захирал Д.Энхбат мөн “Улсын цолд ойрхон” бөхийн шагналаа аймгийн арслан М.Баяржавхланд олгосон байна. Мөн барилдааны үеэр үзэгчдийн дундаас 9 азтан тодруулж, Жаргалант нутгийн брэнд эмээл болон манан хөөрөг, бөхчүүдийн дундаас 4 азтан тодруулж, гурван бөхөд “Мөнгөн кашмер” компанийн ноолууран бүтээгдэхүүн, нэг бөхөд эмээл гардуулсан юм. Тус барилдааны түрүү бөхийг 5 сая, үзүүрлэсэн бөхийг 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүдийг тус бүр 1.5 сая төгрөгөөр байлснаас гадна Жаргалант нутгийн брэнд эмээлийг гардуулжээ.