Арын хангайн арслан, харцага, начингуудын аархсан барилдаан
Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэлээ. Үнэн зоригт харцагын өөртөө итгэлтэй, хурдан шаламгай тахимдан дайрч хөл авсан мэхийн хувилбар гайхалтай. Дунд шөвөгт аймгийн арслан М.Еркебуланыг тавхайлдсан барилдаан бүүр гоёмсог, үзүүштэй мэх байлаа.Нягт арслан энэ барилдааны гурвын даваанд нөгөөх л дархан өмсөө мэхээ даамай сайхан хийж байгаа харагдсан.
Их шөвөгт мөн Архангай аймгийн Хашаат сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат “Сүлд” спорт хороо, УСУГ, “Агро нэгтгэл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын начин Л.Отгонбаатар нар үлдэв. Залуу харцага ч нэг сугадаад, бааварлаад барилдвал ч их ч хол явахаар л харагдах. Жүдо суурьтай залуу начингийн хийгүй барилдаан бас л урамтай шүү.
Дунд шөвөгт улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Э.Ууганбаяр, аймгийн хурц арслан М.Еркебулан нар үлдсэн. Тус барилдааны түрүү бөхийг 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүдийг тус бүр 1.5 сая төгрөгөөр байлж, үзэгчдийн дундаас 3 азтан тодруулж, 1 сая төгрөг, 500.000 төгрөг, сүлжмэл суран багцыг барилдаан зохион байгуулагчдын зүгээс гардуулсан юм. Хонгор нутгийн харцагын суурьтай, жигд барилдаан, начингуудын даацтай мэхийн хувилбарууд, аймгийн хурц арслангийн дараалсан барилдаануудын том даваанууд бөх сонирхогчдын анхаарлын төвд байна.
Монгол бөхийн өргөөнд 4-р сарын 11 нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 12 нд Баянхонгор аймгийн Баацагаан сумын харъяат, аймгийн арслан Равсалын Дамдины нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 13 нд Завхан аймгийн Ургамал сумын харъяат, улсын начин Юмжмаагийн Алтансүхийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 14 нд Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болох аж.