Баярмагнайн нэрэмжит барилдаанд Баяржавхлан түрүүлэв
Увс аймгийн Бөхмөрөн сумын харъяат, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Хос шаргатан” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Баатар Дулаан Хан” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваадоржийн Төрболд үзүүрлэлээ. Их шөвөгт Булган аймгийн Сайхан сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Дархан Үржих” ХХК, “Ар Жи Ти Эл” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Ганбаатар, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “ОСНААУТ”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх аймгийн арслан Ш.Отгонтөгс нар үлдсэн бол дунд шөвгийн наймд аймгийн арслан Д.Цэнд-Аюуш, Ц.Төмөрцоож, аймгийн заан С.Доржпалам, аймгийн харцага Б.Ганзолбоо нар шалгарчээ. Нэрэмжит барилдаан зохион байгуулж буй аймгийн арслан Н.Баярмагнайн гэр бүлээс “Уран барилдааны шагнал”-ыг Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат, аймгийн заан С.Доржпаламд гардуулав.