Богд хааны ордон музей
VIII Богд хаанаас өмнө Монголд долоон богд амьдарч байжээ. Тэд бүгд өөрийн орд өргөөтэй байсан юм. Богдын цагаан болон шар ордон нь IV ба V Богдын үед баригдсан аж. VIII Богд мөн энэ ордонгуудад өвөлжиж, зусдаг байв. Богдыг нас бие гүйцэхэд Ногоон ордон буюу Шаравпэлжээлин хийдийг Туул голын ар хөвөөнд бариулжээ. 1893-1903 онуудад 10 жилийн хугацаанд барьж босгосон энэхүү ордны үүдэнд “Бадаргуулт төрийн 33-р оны /1907 он/ гуравдугаар сард VIII Богд Жавзандамба хутагтад” хэмээн бичиж өлгөсөн байна. Манжийн хааны өргөмжилж олгосон энэхүү нэрийн бичгэн дээрх луу дөрвөн хумстайгаар дүрслэгджээ. Лууны хумс нь хэргэм зэргийн ялгамж байжээ. Богдын ордонг 1926 оны 4-р сарын 1-нд музей болгосон тухай тогтоол гарчээ. Богдыг 1911 онд хаанд өргөмжилсний дараа Ямпай хаалгыг барьж байгуулжээ. Ямпай хаалган дээрх луу таван хумстай. Энэхүү хаалгыг хөх тоосгоор бүтээж, сүн далай, сүмбэр уулын орчимд хоёр луу галт сувдыг хамгаалж буй байдалтайгаар дэлхий ертөнцийн үүслийн домог дээр тулгуурлан дүрсэлжээ. Хаалга нь аливаа муу муухай бүхнийг ордон руу оруулахгүй байхын бэлгэдэл болдог. Богдын ордонг гаднаас нь харахад сүрлэг хаалганууд харагдах агаад хамгийн эхнийх нь Асарт гурван хаалга юм. Энэхүү хаалгыг ямба ёслолын зориулалтаар барьжээ. Манжийн хааны элч төлөөлөгчдийг энэ хаалган дээр угтаж авдаг байв. Хажуу талын хоёр асарт хаалган дээр ихэс ноёд лам нар зогсож ёслодог байв. Хаалганы хоёр талын өндөр баганыг чийган, чаган гэж нэрлэнэ. Богд нь шашин төрийг хослуулсан хаан байсан тул нэгэнд нь шашны нөгөөд нь төрийн тугаа мандуулдаг байжээ. Монгол улс тусгаар тогтнолоо зарласныг тохиолдуулж 1912 онд Амгалан-Энхийн хаалгыг барьжээ. Монголын урчууд нэг ч хадаас оролцуулахгүйгээр оньсон технологиор долоон жил барьсан гэдгээрээ онцлогтой. Хаалга долоон давхар дээвэртэй. Ёслолын үед голын хаалгаар хаан хатан хоёр, баруун талын хаалгаар өндөр хэргэм зэрэгтэй ноёд, лам нар зүүн хаалгаар цэргийн хөгжимчид, торгон цэргүүд буюу хааны бие хамгаалагчид ордог байжээ. Билгийг хөгжүүлэгч буюу ногоон ордны хамгийн эхний сүм нь Махаранзын сүм. Тэнгэрийн дөрвөн хаан гэсэн утгатай. Бурханд тангараг өргөж, ертөнцийг дөрвөн зүгт нь хамгаалж байдаг дөрвөн хааны цаасан шуумал энд байрлана. Бүгд догшин төрхтэй аюулт хорт хөнөөлтэй тул гартаа эд хэрэглэл барина. Тухайлбал гартаа хөгжим барьсан Ёлхорсүрэн хаан ард олныг уйтгар гуниг, уй гашуудлаас хамгаалж байдаг. Тэрбээр өөрийн дуу хоолойгоор бүхнийг сөнөөх увдистай тул амаа жимийж, хөгжмийн аяар хэлэх гэсэн зүйлээ хүүрнэдэг байна. Харин Жамийсан хэмээх улаан лагшинтай хаан нь биеэсээ хор цацруулдаг тул хүн амьтныг өөртөө ойртуулахгүйн тулд могой барьжээ. XVIII-XX зууны эхэн үе хүртэлх ордны урчуудын бүтээсэн зээгт наамлууд энд хадгалагддаг. Богдын ордонд 24 хатгамалч бүсгүй үйл эрхэлж байсан гэдэг. Тухайн үед зээгт наамал хийхдээ есөн эрдэнийг ихээхэн ашигладаг байв. Үүний нэг жишээ бол Гонгор бурхны гартаа барьсан гавал аяган дээрх эрдэнэсүүдийн орой дээр нэг сувд хатгаж өгсөн байдаг. Мөн Очир дарь эх бурхны хүзүүний зүүлт, цагаан унжлага дээр шүр хатгаж өгчээ. Мөн навчийг дүрслэхдээ алтан утас тавиад улаан утсаар хоёр мм орчим зайтай дарж оёсон байна. Эдгээр зээгт наамлууд нь үйлчин бүсгүйчүүдийн чин сэтгэл, сүсэг бишрэлийн хүчээр бүтсэн маш ховор, үнэтэй дурсгалууд юм. Энэхүү сүмд Сажийн ёсны гол шүтээн Доржпагма бурхан бий. Доржпагма бурхан нь эмэгтэй дүрээр оршдог бөгөөд монголчууд ханийн тэнгэр хайрладаг, ханийн заяа дууддаг бурхан хэмээн шүтдэг байна. 8000 гаруй жижиг сувдыг хэлхэж биеийнх нь чимэг зүүлтийг хийсэн аж. Ногоон ордон дах Уншлагын сүмд зуны цагт зөвхөн Шадавлин хийдээс л өндөр хэргэм зэрэгтэй 16 лам авчирч ном уншуулдаг байжээ. Торгон дээр байгалийн шороон будгаар бүтээсэн зургуудтай Танка зургийн сүмийн зургуудыг лам нар өөрсдөө будгаа найруулж зурдаг байжээ. 100-300 жилийн түүхтэй эдгээр зургуудыг нэг ч удаа сэргээн засварлаж байгаагүй бөгөөд яг тэр үеийн хэлбэрээрээ хадгалагдаж буй. Энэхүү сүмд 8-р Богдыг дүрсэлсэн “Гэгээний бодол”, сайн цагийн 1000 бурхныг дүрсэлсэн 3 цуврал зураг, Жанрайсиг буюу мэлмийгээр болгоогч бурхан, урт насны бурхан Аюуш, Цагаан дарь эх, Жүгдэрнамжил бурхны зургууд бий. Мөн Гунгаасүрэн гэдэг хүний зурсан”Мял богдын намтар” зураг хадгалагдаж буй. Мял богдын 74 үйлийг харуулснаараа маш ховор дүрслэлтэй бүтээл болж чадсан байдаг. Хүрээнд ирсэн орон нутгийн төлөөлөгчдийг байрлуулдаг байсан Бурхадын сангийн сүмд маш олон янзын хэлбэр хийц бүхий бүтээлүүд хадгалагддаг. Нагтан буюу хар дэвсгэр дээр зурсан танка, гуулин хөөмөл буюу гуулийг цаанаас нь товойлгон цохиж хийсэн бурхад, ирээдүй цагийн бурхан Майдар болон түүний хоёр шавь, Өвөрмонголын долнуур хийцийн Хоточ найман мандал, цаасан шуумлын бүтээлүүд, модон сийлбэрийн бурхад, мөнгөн гуутай бурхад бий. VIII Богд бусад Богдууд дундаасаа ганцаараа гавжийн дамжаа барьсан бөгөөд нэг ёсондоо эрдмийн зэрэг хамгаалсан онцлогтой. Богдын номын сангийн сүмийн ихэнхи номыг Төв номын сан руу зөөж байршуулсан. Номоо тухлан сууж уншдаг байсан Богдын сандлыг Филиппин, Хайнан газарт ургатаг байсан ховор модоор урласан гэдэг. Номын соёлыг харуулсан барын дардсууд, бар зураг, номын шогол, бурхан цутгадаг хэвүүд энэ сүмд байна. Нас уртасгагч Аюуш бурхныг Долнуур, Төвд, Польш гэсэн гурван өөр газар хийжээ.1911 онд Гандангийн Жанрайсигийг бүтээгээд ханаар нь 10 мянган Аюуш бурхан байрлуулсан байна. Түүний 6000-7000 орчмыг тухайн үед Польшид үлйдвэрийн аргаар хурдан, хэмнэлттэй хийлгэж байжээ. Түүнчлэн энэхүү сүмд шашны зан үйл гүйцэтгэх цан, гандан, харанга, дун, дээшиг, хонх, очир зэрэг хөгжмийн зэмсгүүд бий. Лаврин гэдэг нь Төвдөөр ордон гэсэн утгатай. Ногоон лаврин бол Богд хааны мөргөлийн буюу бясалгалын сүм. Өндөр гэгээн Занабазарын дүрийг түүний шавь нар хүрлээр цутгаж бүтээжээ. Мөн өндөр гэгээний бүтээсэн Ногоон дарь эх, хорин нэгэн дарь эхийг цул буюу битүү цутгуурын аргаар бүтээсэн нь энд хадгалагддаг. Зуны халуун өдөр ч сэрүү татуулж байдаг онцлогтой лаврин юм. 1903-1905 онд өвлийн ордонг бүтээн барьж байгуулжээ. Уг барилгын зураг төслийг оросын 2-р Николай хаан бэлэглэж, буриадуудаар бариулсан юм. Дээвэр дээр нь ганжир хийж, ирмэгээр нь бадамлянхуа цэцгийн хээ зуруулж тухайн үед буруу номтнуудаар бариуллаа хэмээн гараад байсан хэл амыг намжаасан гэдэг. Одоогоос 102 жилийн өмнө Жүгдэрийн зурсан нийслэл хүрээний зураг эхээрээ энд хадгалагддаг. 2-р давхарт гарахад Богд хааны хүлээлгийн өрөө, уулзалтын өрөө буй. Энэхүү өвлийн ордон нь Голланд, Унгараас авчирсан европ хийцийн тавилгуудтай, найман голланд пийшинтэй. Хаан уулзалтынхаа өрөөнд 25 давхар олбог дээр залардаг байв. Энэ нь манжийн хаанаас 25 удаа хэргэм зэргээр шагнуулж байсныг нь илтгэдэг байж. Баруун, зүүн талаар нь төрийн шар ноёд буюу том лам нар, хар ноёд буюу Чингисийн угсааны тайж, хаад суудаг байжээ. Цааш яваад хаан хатан хоёрын хувцас өмсгөлийн өрөө рүү орно. Булигаар дээр зүү ороож урласан гутал, сувдан хээтэй хантааз, шүрэн хээтэй дээлийн өнгө, сувдан хээтэй тоорцог байна. Сувдан хээтэй хантаазны маш олон жижигхэн сувдыг ордны үйлчид ямааны ганц ширхэг хялгасаар нэг бүрчлэн шордож нүхэлсэн гэх аман яриа бий. Хувцас өмсгөлийн өрөөний цаана Дондогдулам хатны амралтын өрөө байрлана. Үдийн зоог барьсны дараа түр алжаал тайлдаг орыг нь, мөн хатны хөрөг зургийг байрлуулжээ. Энд Богд хааны ордон музейн хамгийн урт настай үзмэрүүдийн нэг болох Өндөр гэгээн Занабазарт манжийн Энх-Амгалан хаанаас бэлэглэсэн, 350-иас дээш жилийн настай сандал бий. Цаана нь шашны хүнд хатуу үйл гүйцэтгэхдээ Богдын өмсдөг байсан хувцас хэрэглэл, галд шатдаггүй шашир хоргой, алтан утастай хүрэм, Өндөр гэгээн Занабазараас Богд Жавзандамбад найман үе дамжиж ирсэн , 81 үнэгний арьсаар хийсэн жанч буюу өвөл морьтой явахдаа дээлийн гадуур нөмөрдөг хувцас, алтан очиртой, оюу болон сувдан шигтгээтэй титэм, Богдын төрийн хаш тамга, шашин төрийн алтан тамганы хуулбарууд хадгалагдаж буй өрөөнүүд бий. Тэнд хаан, хатан хоёрын сэнтий, унтлагын ор, хөгжимт сандал, хааны бичгийн хаш хэрэглэлүүд байна. Ингээд нэгдүгээр давхарт буухад бат бэхийн бэлгэдэл болсон хаш хэрэглэлүүд, Хятадад ховор байдаг ваар савнууд, торгуулийн хул, хөгжимт хайрцаг зэргийг байрлуулсан харагдана. Энэхүү хөгжимт хайрцагнаас Бетховен, Моцартын сонгодог хөгжмүүд эгшиглэдэг аж. Сүүлд хааныг нас барсны дараа ордонг маш ихээр өөрчилсөн гэдэг. Тухайн үед битүү хээ хуар болсон алтлаг мөнгөлөг өнгийн ханын цаас, маш тансаг хаалганы зураг чимэглэлүүдийг дарж будан социалист нийгмийн өнгө аяс оруулсан гэдэг. Түүнчлэн Германы Хамбург хотоос 1901 онд захиалж авчруулсан амьтдын чихмэлүүд цөөнгүй бий. Богд хаан буга, хав нохой, тогос, одой морь гэхчлэн Монголын нөхцөлд амьдрах боломжтой амьтдыг тэжээдэг байжээ. Түүнийг Монголд анхны амьтны хүрээлэнг байгуулсан ч гэдэг. Богд хааны тэжээж байсан зааныг гурван гэлэн арчилж асран өдөрт 21 мантуу, гурван жин шар тос, хоёр шанага чавгаар хооллодог байжээ. Богд Жавзандамба хаан болтлоо хүрээнээс дураар гарах эрхгүй байсан бөгөөд хэрэв гарвал манжийн эзэн хаанаас зөвшөөрөл авдаг байв. Тэрбээр гадаад ертөнцийг танин мэдэхийг асар их хүсдэг байсан тул ийнхүү гаднаас Монголд амьдардаггүй амьтдын чихмэлийг олж авчирч байсан гэдэг. Богдын таван настайдаа эдэлж хэрэглэж байсан гэр, тоглоом, усан онгоц, хаан хатны шүхэр, хааны сүйх тэрэг уг ордны нэгдүгээр давхарт бий.