Г.Ганбаярын баг айргийн тавд бичигдэж эхлэв

Словакын хөл бөмбөгийн дээд лигийн энэ улирлын 8-р тойрогт манай хөл бөмбөгч Ганболдын Ганбаярын  тоглодог ФЦ Комарно клуб АС Тренцин клубыг өөрийн талбайдаа хүлээн авч тоглов. Харилцан довтолсон, нээлттэй, сонирхол дүүрэн, үзүүштэй энэхүү тоглолтын хэмнэл, өрнөл, тэмцлийг талбайн шүүгч 6 шар хуудас өргөснөөс харж болохоор байлаа. Г.Ганбаяр тоглолтын 2-р үед талбайд гарч, довтолгооны үндсэн зүүн жигүүрт идэвх, санаачилгатай тоглосон. Түүний бөмбөг таслалт, дамжуулалт, довтолгооны дэмжлэг, бөмбөггүй гүйлт багтаа ихэхэн нэмэр өгөв. Комарно клуб чухал хожил авснаар 8-р тойрог/2 тоглолт дутуу/-ын дараа 9 оноотой болсноор хүснэгтийн 5-р байр руу дэвшлээ. Дараагийн тоглолт буюу 3-р тойргийн нөхөн тоглолт ирэх 7 хоногт болох юм.