Леброн Жеймс : Миний ээж анхны бөгөөд цор ганц хүүхдээ төрүүлэхдээ дөнгөж 16 настай байсан. Ээжийг ажилдаа явсан хойгуур намайг эмээ минь хардаг байлаа. 1989 оны зул сарын өдрөөр эмээ минь зүрхний шигдээсээр нас барсан. Миний бага насны ганц найз, дурсамжуудын маань эзэн ийнхүү намайг орхин одов. Тэр өдөр эмээгийн бунхныг эргэчихээд гэр рүүгээ ээж бид хоёр алхах замд гудамжаар зөрсөн хүмүүс шинэ жилийн тоглоом барьчихсан инээмсэглэл тодруулан зөрсөөр байсан. Намайг гуниглуулахгүйн тулд ээж минь надад чихмэл тоглоом дэлгүүрээс авч өгсөн. Тэр л лав өөрт нь байсан сүүлчийн мөнгө нь байсан байх. Энэ өдрөөс хойш ээж бид хоёр хоёулахнаа болсон. Ээжид байгаа ганц зүйл нь би. Надад байгаа ганц зүйл бол ээж гэдгийг би ойлгосон. Бидний амьдрал улам л хэцүү болсоор. Байшингаа алдаж, нэг жилийн хугацаанд нэг газраас нөгөө рүү хэдэн арван удаа нүүсэн. Үнэхээр аймшигтай байсан. Ээж минь амьдралаа залгуулах гэж өдөрт 3 ажил хийнэ. Гэхдээ энэ бүхний туршид би ганц л зүйлийг баттай мэддэг байсан. Юу ч болсон ээжид минь надаас өөр чухал зүйл байгаагүй. Тэр амьдралд бууж өгөөгүй. Намайг нэгдүгээрт тавьсан. Тэр миний аав, ээж, сайн найз ,зөвлөгч, бас дулаан хөнжил ,аюулгүй байдал гээд миний бүх зүйл минь байлаа. Удалгүй би сургуульд явж сагсан бөмбөг, Америк хөл бөмбөг зэрэг спортоор хичээллэж эхэллээ. Надад сайн пүүз, өмсгөл зэрэг зүйлс хэрэг болсон ч ээждээ шинэ пүүз хэрэгтэй гэж хэлж чадаагүй. Нэгэн зул сараар ээж минь надад пүүз бэлэглэв. Тэр бол миний амьдралдаа авч байсан хамгийн сайхан бэлэг. Тэгээд л би бэлтгэлээ шаргуу хийж эхэлсэн. Хэрвээ ээж минь миний төлөө энэ бүгдийг зориулаагүй байсан бол би өдийд энэ зэрэгт хүрэхгүй байх байсан. Түүний энэ тусыг хариулахын тулд би “Gloria Гэр бүлийн сан” байгуулан, үүгээрээ өрх толгойлсон эцэг, эхийн гэрт өсч буй хүүхдүүдэд туслах замаар ээжийнхээ үлгэр жишээг дамжуулахыг хичээсэн. Энэ бол энгийн нэгэн хүний түүх биш энэ бол дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчийн түүх, түүний амьдрал дардам байгаагүй. Шантрах зүйлс ч их байсан. Гэхдээ тэр бууж өгөөгүй. Харин энэ бүгдийг хичээл, зүтгэлээр давж байж тэр аугаа нэгэн болж чадсан юм.