Луу жилийн сар шинийн барилдаанд аварга цолтон түрүүлдэг уламжлал давтагдав

Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, луу жилийн сар шинийн барилдаанд аварга цолтон түрүүлдэг уламжлалыг үргэлжлүүлэв. Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын аварга С.Мөнхбат нар өмнөх луу жилүүдийн барилдаанд түрүү бөхөөр тодорч байсан билээ. Ховд аймгийн Чандмань сумын харъяат, “Нью-Прогресс” групп, “Хос Алтайн Хүчтэн” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Баатархүүгийн Пүрэвсайхан бяр шалгасан сайхан барилдааныг үзүүлэн үзүүрлэв. Барилдааны их шөвгийн дөрөвт Увс аймгийн Давст сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпорац, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга П.Бүрэнтөгс, Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Нью Майнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын заан Б.Бат-Өлзий, Д.Анар, М.Лхагвагэрэл, улсын харцага Г.Ганхуяг нар үлдсэн юм. Мөн шилдэг 8 бөхийн дөрөв нь Ховд нутгийн бөхчүүд байсан нь тэдний бэлтгэл хэр чамбай байгааг харуулав. Бөх сонирхогчдын хүрээнд Ховдын “Их гурвал” хэмээн нэрлэгддэг аварга, заануудын залуу халаа болсон улсын харцага Г.Ганхуяг барилдаан бүрт олныг шуугиулсаар байна. Мөн Булган нутгийн”амаргүй” Амарсайхан начингийн олон талт, уран барилдаан үзэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээж байгааг энд онцолъё.
Барилдааны 3-8-ын даваа   Бичлэг үзэх
Барилдааны нэг, хоёрын даваа   Бичлэг үзэх