Магнай тэнийх жаргалын амтыг бөх хүний гэр бүл л мэднэ
Наадам дуусаж нар буцахад хэчнээн олон аав хүүгийнхээ гунигтай нүдийг ширтэн сэтгэл дотроо нурдаг гэж бодно. Хэдэн ээж халуунд халж, хүйтэнд хөрж хэвтвэл хүү нь уначих юм шиг санаж цацлаа өргөн нуруугаа чилтэл наадмын гурван хоногийг босоогоороо өнгөрүүлдэг гэж бодно. Хэдэн бүсгүй орох байх олдохгүй сүүгээ өргөж, унасан ханиа хараад сэтгэл түгшин өөртөө буруу өгч өмөлзөн суудаг гэж санана. Гундуухан ирсэн хэдэн аав гунигаа арчиж, үрээ үнсдэг гэж бодно. Гэр бүл, нутаг усныхантайгаа хамт наадмын даваанд унаж нэг гундах үе байхад давж нэг магнай нь тэнийх өдөр ирдэг л юм. Бөх хүнд унаж уйлах нэг өдөр байхад давж баярлах мянган өдөр олон байгаасай гэж ерөөе. Хүү төрвөл бөх гэж билэгддэг Монгол түмэн минь гол усаараа талцан билэггүй муу үгээр бөхчүүдийнхээ бүтэн жилийнх нь хөдөлмөрийг битгий үгүйсгэж байгаасай. Алтан цагаа дусал хөлсөөр үнэлж үзээгүй хүмүүсийн бөх гээд амаа билүүдэн муулах хар хэл ам аавын сайхан хүү нараас алс хол үлдэж байг ээ. Магнай тэнийх жаргалын амтыг бөх хүний гэр бүл л мэднэ дээ. Монгол бөхийн босоо цагаан хийморь олон олон гэр бүлийн магнайг тэнийлгэж байх болтугай.