Монгол залуусын мөрөөдөл болсон Солонгост нэг удаа Сэтгүүлчийн тэмдэглэл-2

4. Шигданд

Пажугаас эргээд иртэл нэг асуудал гарсан нь хүүгийн минь байрны эзэн авгай гаднаас хүн байлгахгүй гэдгээ дуулгаж. Сарын 450 мянган воноор oneroom түрээслэдэг, бас 1 сая воны барьцаатай гэж байгаа. Байрны эзэнтэйгээ
ойлголцохыг хүссэн ч халгаахгүй байсан учир хүү маань нэлээд урам хугарч, ам муруйн, өөр байр түрээслэх шийдвэр гаргахад хүрсэн дээ. Одоо бол ямар ч асуудалгүйгээр гэр бүлээ байлгадаг байр түрээслэж чадсаан. Би ч хүүгээ
зовоомооргүй байсан тул Сөүлд гэр бүлээрээ амьдардаг танилындаа очихоор болж, зөвшөөрөл авлаа. Анх хүү маань ч гэсэн хөдөө хэлний бэлтгэлээс юугаа ч мэдэхгүй, учраа олохгүй Сөүлд ирэхэд нь сайхан сэтгэлт энэ залуу гэр бүл халуун сэтгэлээр тусалж дэмжсэн билээ. Дүү маань надад дараагийн ажлыг нэгэн самушилаас олж өгсөн нь шигдан буюу хоолны газар байлаа. Монголоос явахаасаа наахна онлайнаар солонгос хэл сурч, ойр зуурын хэдэн үг өгүүлбэртэй болж авсан би ямар ч байсан сайн байна уу баяртай тайгаа. Ер нь хэлтэй бол энд гайгүй ажил олдоно. Ганц ойлгож авсан юм бол солонгост хүний хөдөлмөрийг шударга үнэлж чаддаг, өгсөн хөлсөндөө ч нурууг нь автал ажиллуулдаг ийм л газар санагдсан. Үнэндээ Монгол дахь ажил амар хялбар, түүндээ таарсан цалин хөлс авдаг юм шиг бодогдох үе ч байсан. Ажлын 8 цагт сөгөөгүй ажиллах, бүр сул зогсох нь гэм хийсэн мэт мэдрэмж төрөхийг энд л үзсэн. Энэ миний л бодол. Авах гээхийн ухаанаар хандахыг уншигч танаас хичээнгүйлэн хүсэх нь зүйд нийцнэ. Сөүлд метроны зургийг төвөггүйхэн ойлгоод авчвал хүссэн газартаа саадгүй л хүрнэ. Үнэхээр нийтийн тээврийн үйлчилгээ, соёлыг биширсээн биширсэн.

 

0281a8e1-38be-45b2-9c12-22a0bbac296b
a1c0fc4e-9106-4f29-9e36-36269748d090
0281a8e1-38be-45b2-9c12-22a0bbac296b a1c0fc4e-9106-4f29-9e36-36269748d090

 

Хүүгээрээ заалгаад Сөүл, хот хооронд метро, автобус, галт тэргээр явах чадварыг сайн эзэмшсэн. Нэг удаа будилсаан. Утсан дээрээ зургаа хараад л ойлгохгүй зогсож байтал дунд хэрийн насны солонгос эмэгтэй та хаа хүрэх гэсийн гэж асуугаад бүр дагуулж яваад суух шугамын метронд маань хүргээд өгсөн. Мэдээж бага зэргийн англи хэлний мэдлэг маань хаа ч тусаа өгнө. Энд хэн нэгэнд төвөг удна гэдэг байж болохгүй. Заагаад зөвлөөд дагуулаад явж байдаг завтай зайтай хүн ч гэж байхгүй. Байгаа айлын маань дүү /чонсу/ байрны цэвэрлэгээ хийдэг. Бас л амаргүй ажил гэсэн. Хортой, хүчтэй бодисуудтай өдөр тутамдаа ажилладаг. Харин нөхөр нь айл нүүлгэлт /иса/-ийн ажилтай. Хоёул өглөө эртээ гараад явна. Охин нь монгол сургуульд сурдаг. Маш завгүй ажил амьдралын хэмнэлтэй. Дүү маань магистрт сурдаг, нөхөр хүүхдээ дагалдангаар авсан. Сайхан том 3 өрөө байранд, товхийсэн амьдралтай. Монголдоо байр авна, бизнес хийнэ, хэзээ нэгэн өдөр буцна даа л гэж ярих.

За ингээд Конгук сургуулийн ёгд байрлах шигдандаа “би цагийн ажилтан байнаа, / арбайт/ угаагч хийхээр ирлээ” гэж хэлээд 9 цаг өнгөрөөгөөд яваад оров. Нэг хаймран шаахай өмсөөд, хормогч зүүж, бээлий өмсөж аваад л аяга тавагнуудыг хашрааж, үзэж тарж эхлэв. Үнэндээ солонгост миний хийсэн ажлуудаас хамгийн дажгүй ажил нь байсан даа. Ихээ том махны ресторан. Хоёр зөөгч, хоёр мах шарагч, гал тогоонд нь хоёр тогооч тэгээд би. Нэг зөөгч нь гадаад оюутан. Миний хүү бас зөөгчийн ажил хийдэг. Томоо угаалтуурт усыг нь дүүргэж байгаад л аяга таваг, том том сав суулгыг хөөсөртөл угааж, дараагийн угаалтуурт зайлаад, сүүлийн дамжлага нь аяга таваг угаагч машинд угааж хатаана. 11 цагт онгойгоод 14 цаг хүртэлх хугацаанд үйлчлүүлэгчид дүүрэн. Солонгос үндэсний хоол олон аяга таваг хэрэглэдэг онцлогтойг та юу эс андахав. Аяга таваг угаахын хажуугаар будаа аягалж, халуун барьдаг шүүгээнд өрөх, мах хайчлах, сонгино цэвэрлэх, хог асгах, загасны сахал /гэж нэрлэдэггүй л байх/ хайчлах, хүйтэн гоймон дээр амтлагч түрхэх, нүүрсэнд шарсан үхрийн богино хавирга нугалаасаар нь хайчлах гээд ер элдвийг л хийлээ.

 

 

14.00 цагт намайг нэг өрөөнд оруулаад хана татаад, сандал өрж тавьж өгөөднэг цаг унт гэв. Сайн амарч байж сайн ажиллана шүү гэж хэлэхийг хальт ойлгов. Хэвтэж үзлээ нойр хүрэх янзгүй. Босч дасгал хийлээ. Өглөө ажил эхлэхээс өмнө мөн 16.00 цагт хүмүүсээ хоёр удаа хооллох аж. Хоол бол амттай, би ч солонгос хоолонд нугасгүй. Ихэнх хоолны хачир, орцуудаа өмнөх өдөр нь амтлаад бэлдчихдэг болтой тагтай савнуудад хөргөгчинд хадгалсан харагдсан. Хоолны захиалга орж ирэхэд маш хурдан хийнэ. Ингээд 17.00-21.00 цаг хүртэл амсхийх завгүй ажиллалаа. Хамгийн оргил ачаалалтай цаг нь байсан. Сул зогсох нэг ч хүн олж харсангүй. Тогооч нь хааяа нэг утсаар ярихдаа доошоо сууж нуугдаж байгаад аяархан ярьж харагдана.

Солонгост байхдаа ер нь гадуур явж байхдаа ч энд тэнд ярьж зогсох, дэмий сэлгүүцэх хүнийг бараг олж хараагүй дээ. Хаа нэг амарч суух ахмад настнуудыг эс тооцвол. Үнэхээр завгүй, үргэлж л яарч сандарсан, гүйлдсэн, хөдөлмөрч ард түмэн юм билээ. 12 цаг ажиллаж дуусаад гар дээрээ бэлнээр 110000 вон аваад гарах урамтай, баярлам байлаа. Нэг ч удаа аашлуулж загнуулсангүй, монголчууд бид ер нь хаа ч очсон ямар ч ажлыг төвөггүй хурдан сурдаг хүмүүс болтой. Цагийн ажилд зуучилдаг самушилууд нь цалингаас нь 10000 вон суутгаж авдаг гэнэ. Ийнхүү шигданд ажилласан нэгэн өдөр өнгөрч, монгол мөнгөөр 300 мянгад дөхсөн цалин /илдан/ авсан би их л додигор, амташсан хэрээр арван гурав гэгчээр ахиад нэг ажил хийгээд үзчих санаатай ажлын зар харсаар харив.

 

5. “Алуурын газар” бүү зүглэ

Дүү нар маань та гэртээ байгаа юм шиг л байгаарай гэнэ. Нэг өрөөг нь эзэгнэчихсэн, тав тухтай сайхан л байна. Гэсэн ч зүгээр сууж, өдөр хоногийг өнгөрөөнө гэдэг тэвчихийн аргагүй. Kakaotalk оо шалгаж, шинэ ажлын зар орж ирэх нь үү байсгээд л харна. Хаалттай ажлын зарууд л фэйсээр дүүрэн. Нөгөө дээр дурдагдсан Мөнгөө гэх эмэгтэйтэй /утасны дугаар: 1079973488/ холбогдож, 50000 воны хаалт шилжүүлээд Ёжу дахь нэгэн кимчиний үйлдвэрт ажиллахаар чемоданаа аваад гарлаа даа. Бас ч гэж 50 мянган воны хаалт өгсөн болохоор гүй ээ бас яах вэ гэж бодох. Автобусанд 6800 вон төлж, буугаад үйлдвэр хүртэл 13000 воноор таксидаж хүрэв. Энэ л газарт айж, сандарч, дээрэлхүүлж, цохиулж, нудчуулж, монголчуудыгаа өрөвдөж, хүн гэдэг цаг ньтулахаар ямар шаргуу, тэсвэр тэвчээртэй болдгийг илүү мэдэрсэн юм даа. “Алуурын газар” очжээ гэж сүүлд мэддэг хүмүүс нь хэлэх юм билээ. Ажилчдын байр гэх уртаа 2 давхар цагаан сендвичэн байр. Бараг 40-өөд өрөөтэй, нийтийн байр шахуу, буландаа нэг нойл, душтэй. Анх яваад ороход хүйтэн хөндий зэврүүн.

 

 

Хэн ч угтаж авч, бүртгэл хийх нь бүү хэл нэр ус ч асуусангүй. Түрүүлж ирсэн нэг монгол эмэгтэйн заасан өрөөнд ортол миний өмнөхөн орж ирсэн гэх хоёр бүсгүй байж байна. Нэг их жижигхэн биш өрөө, шал нь халдаг, хов хоосон шахуу. Хаа нэг жоом гүйнэ. Газраар зулаад л унтахым байна. “Чи ч дурандаа юм юм л үзэж байна даа” гэж өөрийгөө шоолов. Хоёр бүсгүйтэй танилцлаа. Баянхонгороос ирсэн эгч дүүс. Эмнэлэгт ажилладаг гэнэ. Солонгост буусан өдрөө л шууд наашаа ирсэн, анхны ажил нь. Визнийхээ хугацаанд 3 сар ажиллах бодолтой ирцгээж. Анх удаа ирж байгаа болохоор 300 гаруй мянган төгрөг төлж, Q code бөглүүлж, аялалын төлөвлөгөө гаргуулан, буудлын хаягтай болж авсан л гэнэ. Эрэлт байгаа учраас ийм төрлийн бизнес хийдэг хүмүүс ч олширч, үнэ ханш ч тогтож. Энд амьдардаг найз багш нь энэ ажлыг олж өгчээ.

Маргааш нь амралтын өдөр байсан ч гэнэтийн ажил гарлаа гээд бүгд үйлдвэр лүү орцгоов. /Энэ өдрийн 4 цаг ажилласан цалингаа бол олж авч чадаагүй, байрны мөнгөнд авлаа л гэсэн/

 

 

Үүдэнд гутлаа тайлж, усны гутал, байгаа өмд цамц малгай хормогч бээлийнээс нь таарахыгаа углаж аваад л 10-аад монголчууд дамжлагын машины хоёр талд эгнэж зогсоод цагаан манжин /мүү/ цэвэрлэв. Биднээс гадна тайланд, вьетнамууд, тэд нарын хурдан чадварлаг ажиллана гэж юу гэхэв, бас монголчуудыгаа ахалнаа. Ихэнх нь гэрээний ажилтнууд гэнэ. Бидний дотор ч гэсэн гурван гэрээний ажилтан монгол бүсгүйчүүд байсан. Энд хоёр жил ажиллах учраас амьдарч байгаа өрөө тасалгаа нь арай тохилог, хаалга нь онгойх үед хальт харж амжсан юм л даа. Их том үйлдвэрийн нэгээхэн хэсэгт л бид ажиллаж байгаа бололтой. Ногоо арилгагчаар хэрхэн хурдан манжингаа цэвэрлэхийг заалгаж, сандран барин аль болох л хурдан ажиллалаа. Гар сарвайж байна, хөөрхий.

 

 

Манжин нь ч их том л доо. Солонгос хоолны хачирт ирдэг цагаан манжин хичнээн гоё амттай билээ, мөлчийтөл нь цэвэрлэж үзлээ дээ. Хагас ажиллаад тарцгаалаа.

Байрны нэг давхарт гал тогоо нь байрлана. Агшаасан халуун будаа /байнга байдаг/, аяга таваг, сэрээ халбага, хоол хийх сав суулга бүгд л байна. Тогооч нь болтой хэдэн хятадууд үндэснийхээ тоглоомыг тоглож суугаа харагдана. Солонгос үнэхээр ус муутай. Тийм болохоор ойрхон 24 цагийн E-Mart дэлгүүр орж литрийн ус гурвыг авлаа. Ядаж цай кофегоо уух гээд. Байрны хонгилд том тарган муур холхиж, жоомнууд гүйлдэх нь энгийн л зүйл мэт. Жоохон сэжигч хүн бол их л тавгүйрхэнэ. Шал нь халдаг болохоор нэг их даарахгүй.

Гадаа бороо зүсэрсээр, сэтгэл нэг л уйтай, зам дагаж жаахан алхлаа, бас л эль хуль газар.

 

 

Амралтын хоёр өдөр таарсан болохоор түрүүлж ирсэн бусад өрөөнд байгаа монголчуудтайгаа танилцаж, элдвийг дуулав. Ихэнх нь эмэгтэйчүүд, хоёр залуу. Уг нь байр нь үнэгүй гэж байсан ч /надад ч гэсэн байр хоол үнэгүй гэсэн/ байрны мөнгө цалингаас суутгах болсон гэнэ. Нэг өдрийн ажлын хөлс 90000 вон, долоо хоног бүрийн 5 дахын орой юм уу 6 дах өдөр цалинг самушилаас хүн ирж бэлнээр өгдөг.

Ажлын шинэ өдөр Даваа гариг. 8 цагтай уралдаж орсон зөвхөн монголчуудыг үүдэнд бүгдийг нь зогсоож байгаад, эрээ цээргүй нэгжлэг хийж, биеийг нь тэмтэрч утас энэ тэрээ шүүгээнд үлдээхийг үүрэгдэх нь цочирдом, зэвүүцэм байлаа. Үйлдвэрийн дарга гэх нэлээд настай, туранхай,хурдан шалмаг ч гэж жигтэйхэн энэ өвгөний далайсан газар далд орж, далласан газар нь ил гарах “аймшгийн өдрүүд” ийнхүү эхэллээ. Ажлын эхний өдөр болохоор нэг дамжлага дээр ажлаа сурах гээд ядаж цөхөж байтал л өөр дамжлага руу шилжүүлж, учраа ч олохгүй шахам өдөржингөө л гүйлээ. Ажлын хувцсаа ч яарч сандрахдаа буруу дутуу өмссөн үү усны гутланд ус орж, гишгээд алхахад шал палхийн дуугарч, бээлийгээр ч ус нэвтэрч гар цэл мөс их л зутруухан ажлаа дуусгав. Дулаан оймс, дотуур дирко, зузаан цамц дор хаяж 2-3 ээлж хэрэгтэйдэг шүү. Энэ орой манай өрөөнд нэг эмэгтэй нэмэгдэж ирсэн нь Архангайгаас ирсэн бүсгүй. Тэндэхийн нэг суманд захиргаанд удирдах албанд ажилладаг гэх энэ бүсгүй уг нь буудалд ажиллаж байсан ч баривчилгаа ихсээд айсандаа хөдөө үйлдвэрт хэд хоног ажиллья гэж ирсэн гэнэ. Замдаа төөрч будилаад оройтсон, бас хөнжил гудасгүй ирсэн болохоороо 4 хоног куртикээ нөмрөөд алчуураа дэвсээд л унтсан даа. Би ч бас нэг буудал хийгээд үзчих битүүхэн санаатай, жоохон асууж шалгаав. Ингээд бид 4, хожим нь бид өөрсдийгөө “Мөнгөөгийн хохирогчид” хэмээн нэрийдсэн.

Сунаж унатлаа ажиллана гэдгийг энд л үзсэн. Кимчиний байцааг угаахад бэлдэж хурц хутгаар цавчиж хуваах, угаагдангаа урсаж орж ирэх дүүрэн устай төхөөрөмжнөөс 2-3-аар нь өргөж гарган дугуйтай тэргэн дээр өрөх /нэгийг уснаас гаргахыг өвгөн харвал тэгээд л дуусаа/, байцаа цэвэрлэх, цагаан манжин цэвэрлэх, кимчин дээр амтлагч /гучүжан/ түрхэх, амтлагч жинлэж савлах, төхөөрөмжүүдийг, том том төмөр тэрэгнүүдийг өргөх, тусгай бодисоор босгож хэвтүүлэн угааж арчих гээд том үйлдвэрийн бүхий л шат дамжлагууд дээр ажиллаж үзэв. Кимчиний байцаа их хүнд, тонгойж гэдийгээд хэд өргөхөд л нуруу аймшигтай өвдөнө, хөөрхий сүүлдээ дасдаг, сурдаг, “мэргэшдэг” юм билээ.

 

 

Хүнд төмөр тэргүүдийг хэвтүүлж босгох бол эмэгтэй хүнд бүр дэндүү ахадна, гэсэн ч хий л гэсэн бол хийнэ, нуруу бүр тахийна. Хувцас хангалт муутай, цоорхой бээлий, муухан өмд цамц, усны гутал олдсоныгоо яаруу сандруу углаад л ажил руугаа дайраад орно. Дарга өвгөнийг хажууд ирж харж зогсоход чичрэх, айх, ажлаа хийж чадахгүй байна гэж цагаан манжингаар нүүр рүү буулгах, нэгээс нөгөө ажил руу шилжихэд ухаан зулаггүй гүйхгүй л бол хурдан хурдан гэж орилж нуруу руу цохих, орилж хашгирах, хараал тавих бол энүүхэнд. Зайнаас дуу нь гарахад л нөгөөх чинь иржийн гээд л үүрээ эвдүүлсэн шоргоолжнууд шиг сандралдана. Ямар муухай солонгос хүн байдгийг харав, харамсав бас хараав. Хөөрхий бид өрөвдмөөр байсан, орой нь ямар хэцүү муухай байгаагаа ярилцана. Манай өрөөнийхөн л лав эхний цалингаа аваад
явцгаанаа л гэсэн хүмүүс байсан. Гар хөл янгинах, шархирч өвдөх энүүхэнд. Өвчин намдаах эм энд л хэрэг болсон. Цэвэрлэгээний бодисууд уранхай бээлийн завсраар нэвтэрч орж хуруу гар хувцас түлэгдэх ер юу эсийг үзэв
дээ. Шархны наалт, эм тан аваад явж байх хэрэгтэй юм билээ. Гэмтэж бэртчихэлгүй, эсэн мэнд буцах юм шүү, болгоомжтой ажиллацгаана шүү гэцгээнэ. Гэрээгээр ажиллаж байгаа охидууд бидэнд зөвлөгөө өгч, хэрэндээ л дэмжинэ. Ажил хийхдээ яавал арай бага ядрах, хэт их хичээх хэрэггүй гэж зааварлана. Үйлдвэрийн даргад таалагдсан гэх нэг монгол бүсгүй байсаан бас. Хүнд ажил хийлгэхгүй, зөвхөн хайрцаг л нугалуулдаг. Энд хамгийн удаан тогтож ажиллаж байгаа, өрөөнд нь хамт байдаг найз бүсгүй нь бас. Тэдний буруу байхгүй ээ, магадгүй азтай ч гэхиймуу. “Шар сэмжилсэн” дарга өвгөний эхнэр энэ үйлдвэртээ ажилладаг, нөгөө эмгэн нь гээд бид бие биендээ зааж өгөн, жиг жуг хийн, өвгөнг шоолж инээлдэж амжинаа манайхан, хүн л юм чинь хов базнаа. Эмээ өвгөнг бодвол гайгүй ааштай. Байцаан дээр амтлагч түрхдэг хэсгийг ахална. Энэ дамжлага дээр ажиллавал бараг азтай, бага ч ядарна, хааяа нэг буруу түрхлээ гэж зэмлүүлнэ. Бүх л ажил нь арга техник, эвдүй шаардана. Үйлдвэрээс явахдаа бүх л ажлыг нь хийж сурсан, гарт орсон байсан даа.

Ирсэн хүмүүс бүгд Мөнгөөгөөр зуучлуулж ирсэн, 50 мянган вон хаалтанд авдгийн учрыг ухаж ойлгоцгоож. Хамгийн ихэдээ 4 хоног ажиллуулаад л дарга өвгөн ажилдаа муу байна гээд халж, хөөж явуулдаг. Яг энэ өдөр гэхэд Мөнгөөгийн ээлжит хүмүүс ажиллахаар ирсэн байдаг. 4 хоногийн 50 мянган воны хаалтны бизнес гэхиймүү. Азтай зарим нь 5 дах өдрөө ажиллаж чадвал цалин тавьдаг самушилаас нэмэлт урамшуулал өгдөг. За тэгээд үлдчих санаатай монголчууд маань хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Бусдыгаа загнаж, томрох, зааж зааварлах, хэнхэг зарим нэг хэт мэдэгчид ч энд байна, бусдыгаа хайр найргүй хөлдөө чирнэ. Бөөр нь өвдөөд халуурсан ч ажилласаар л байх 50 гаран насны эгч, хавангаа буулгах гэж эм уугаад оо руу ажлын цагаар хэд хэдэн удаа явсан шалтгаанаар ажлаасаа хөөгдөв. Ажлаас гэнэт гарсан тохиолдолд зүгээр ч нэг цалинг өгчихдөггүй, арга чаргатай нь л авдаг, Мөнгөөтэй эргээд холбогдохоор тусалдаггүй гэнэ. Энэ эгч л лав дарга өвгөнд цохиулж, манжин нүүр рүүгээ шидүүлэхийг би харсан. Харин Сөүлд амьдардаг дүүгийнхээ солонгос нөхрийг яриулаад цалингаа бүтэн олж авч чадсан гэж дуулсан. Хажуу өрөөний охин хатиг гараад халуураад байна гэнэ, гэсэн ч ажлаа хийсээр л. Жимсэн дээр ажиллаж байгаад ирсэн залуухан гэр бүлийн хоёр ч бас бидэнтэй нэгдсэн. Бүгд л үр хүүхдээ орхиод олдсон боломжоо ашиглаж, хэдэн төгрөг олчих санаатай л яваагаа ярина. Ер нь тэр муухай өвгөн л гэхээс монголчууд ямар их хичээж, тэсч тэвчиж ажиллаж байгааг мөр зэрэгцэн ажиллаж байгаа бусад орны гэрээний ажилчид мэддэг юм билээ. Тэд тусч, найрсаг, эелдэг харилцаатай. Ажлын 4 дэх өдөр намайг өрөөний маань нэг эмэгтэйн хамтаар 00-н өрөө цэвэрлэхийг үүрэгдэв. Би цэвэрлээгүй ээ, хийгээгүй гээд арай алчихгүй л байлгүй. Үйлдвэр угаасаа энд тэндгүй камертай. Биднийг ажлын 9 цагт юу хийж байгааг харж хянаж, орой тарахад зогсоож байгаад л зураг харуулаад л загнаж өгдгийн. Ойлгож байгаа хүн ч бараг байхгүй. Бүгдээрээ л хэл усгүй. Тийм болохоор өвгөн бараг дуртайгаараа доромжилж хараадаг байх гэмээр. Гэхдээ өдөржингөө хүн загнах яасан ч ядардаггүй ам, ямар ч их уур бухимдал вэ, олон хүний хараалыг идэх энэ өвгөнийг ч өрөвдөж амжина.

Өнөөдөр хөөгдөх 4 дэх өдөр гэдгийг бүгд мэдэж байлаа. Надтай хамт өрөөний хоёр бүсгүй, хоёр залуу хүү халагдав. Угаасаа ч ажилламааргүй байсан болохоор гонсойсонгүй. Их удвал сэтгэлзүйн траумад орох ч магадлал өндөр байсан. Тэгээд ч усны гуталтай хүйтэн усан дотор өдөр бүр тийм их ачаалалтай ажиллана гэдэг амар даваа биш, үлдэж байгаа гэрээний охидуудад л санаа зовж байсан даа. Эрүүл мэндээрээ хохирч ажиллан, мөнгө хураана гэдэг, бас ийм үйлдвэрт таарчдаг. Нэг удаа гэрээний нэг охиныг өвгөн илт дээрэлхээд маргааш нь дээшээ гомдол мэдүүлсэн, даварцан муу …гээд хараал урсгасан юмдаг. Манай гурав ч хууль ёсоор ажиллаж байгаа болохоор яахав бас зарга үүсгэх эрхтэй.

За тэгээд мэдээж бид 4 хоног ажиллаад буцахаа ч мэдэж байсан болохоор Мөнгөөтэй бүгдээрээ л холбогдож хаалтаа буцааж авах, цалин хөлсийг маань авч өгөх шаардлага тавьсан. Эхлээд ганц нэг мсж-нд хариу өгч байснаа “ажил хийж чадахгүй халагдчаад” гэж аашлаад бүгдийнх нь утсыг блоклочихдог юм билээ. Минийхийг бас блоклосон. Бодит байдал ийм л байсан. Одоог хүртэл энэ эмэгтэй ажлын зар тавьж, хаалт авсаар, хохирсон, хулхидуулсан гээд хараасан пост фэйсээр дүүрэн.

 

 

 

Солонгос нөхөртэй, үр хүүхэдтэй л эмэгтэй юм билээ, уг нь. Мэдээж хөөрхий монголчууд ихэнх нь аялалын визтэй, зарим нь хараар, хууль бус ажиллаж байгаа болохоор хэл ам хийхгүй, тэрийг нь ч мэддэг энэ үйлдвэрийн дарга шиг дээрэлхүү, дарангуйлагч өвгөнүүд, тэдэнтэй сүлбэлдсэн Мөнгөө шиг зуучлагчид хичнээн олон монголчуудыг хохироогоо бол? Хөлсөө дуслуулан хичээнгүйлэн ажиллах монголчуудыгаа, залуусыгаа хараад өрөвдөж, бахархаж явлаа. Бидэнд олдох үдийн завсарлагын 15 минут, өдрийн хоолны нэг цагт цагт нуруугаа тэнийлгэж аваад л байн байн цагаа харах дарамтан дор нэг секунд хоцрохоос айж, сандарсан гүйлдсэн хүмүүс л ажлын байран дээрээ гозойдог. Сургуультай амьтад шиг л болцгоосон байлаа. Орой нь ажилдаа, мэдрэлдээ ядарсан хүмүүс бушуухан л унтаж амарна. Манай өрөөний бүсгүй бүр өвгөнийг зүүдлээд унтаж чадахгүй, видео чат хийж чаддагаараа нөхөртөө хов хүргэнэ, энэ ажлыг олж өгсөн найз багшийнхаа чихнээс хонх уяна, тэгээд л их залбирнаа хөгжилтэй. Үзээгүйгээ үзэж, үйл тамаа барна гэгчээр бид гүрийсээн, тэвчсэн. Монгол эмэгтэйчүүд хүчирхэг юм билээ. Хүнд хэцүү ажил гэхээсээ илүү өвгөний догшин ширүүн ааш авир, харилцаа хандлага нь л бидний тэвчээрээр наадаж, туйлдуулсан даа Тэнд байсан бид л мэднэ тэр их дарамтыг. Би ч санаа зовчихно гээд тухайн үедээ хүүдээ, гэр бүлдээ юу ч хэлээгүй. Хаа очиж хоол сайтай байсаан, ядаж өлсөөгүй. Харин халуун ногоотой хоол идэж чаддаггүй ганц нэг маань жаахан ядруу л байсан.

Цалингаа авч байж явна гээд өрөөний 3 маань хагас сайн хүртэл 2 хоног хүлээснээрээ авч чадсан. Харин хоёр залуу хүлээж төвдөлгүй яваад өгсөн, цалин нь лав ирээгүй, олж авсан л байгаасай. Залуус үнэхээр үйлдвэрийн хамаг хүнд хүчир ажлыг нугалж байсан. Өрөөний маань эмэгтэй 5 дах өдрөө ажиллахыг хүсээгүй учраас ажлаас халагдсан би “сэргэлэнтэж” ажиллаад /намайг халсанаа ч өвгөн мэдэхгүй ажиллуулсан/ 6 дах өдрөө бүтэн цалингаа аваад /монголд сар ажиллаад авдаг цалин/ энэ муухай газрыг үтэр түргэн орхин явав.

 

 

Дахиад 4 хоног ажиллах боломж байсан ч хар дарсан зүүд шиг энэ газраас хурдан “зугтаах”-ыг хүсэв. Хэн ч намайг албадаагүй, би өөрөө дурлаад л ирсэн болохоор хэндээ ч буруу өгөхөв.

 

Үргэлжлэл бий…