Монгол ухаанаа хадгалж, хамгаалж явах учиртай

Францын нэг эрдэмтэн Монголд ирээд Б.Ринчен гуайд хандан “Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Б.Ренчин гуай “Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон ургамал биш, харин байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамлыг малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Энэ бол Монгол ухаан хийгээд бидний хадгалж, хамгаалж явах учиртай үнэт зүйл юм. Бид гадныхан шиг химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд иддэггүй. Таван хошуу мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон хэрэглэж байгаа юм. Монголчууд зун намарт шингэц удаантай махан хоолыг түр хязгаарлан, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг хөнгөвчилж, сүү цагаан идээ голлон хэрэглэдэг нь эрүүл мэндээ хамгаалах, бие цогцсоо сэргээх, цэвэрлэх, эрүүлжүүлэх чухал уламжлал болон тогтсон байна. Үүгээр ч зогсохгүй үнээний сүүг ужиг ханиад, хижиг, шижин өвчинд хэрэглэдэг байжээ. Бас ямааны сүүг ходоодны болон бөөрний үрэвсэлд ууцгаадаг бол хонины сүүг хий, бөөрний өвчинд, гүүний сүүг сүрьеэ, ингэний сүүг зүрхний өвчинг тус тус эмчлэхэд хэрэглэдэг. Тараг, айраг, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, өрөм, ээзгий, ээдэм, бяслаг гээд бүх л цагаан идээ нь хүний эд эсийг сэргээж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдгийг бид бараг мартжээ. Монголчуудаас хүний хөгжлийн шинжлэх ухаанч мэдлэгт оруулсан бодитой хувь нэмэр бол ухамсар амтанд уусч доройтохын учрыг олж улмаар бодит хоолноос ухамсартайгаар татгалзсан явдал юм. Ингэснээрээ тэр үеийн монголчууд оюун ухаан, эрүүл мэнд, тэсвэр тэвчээр, туулах чадварын аль ч үзүүлэлтээр одоогийн биднээс илт сайн байжээ.
XIII зуунд Монголд айлчилсан Италийн П.Карпини, Францийн В.Рубрук нарын удирдсан хоёр өөр тандаачдын тэмдэглэж үлдээснээр тэр үеийн монголчуудын хоолны хэмжээ болон хооллох дэг нь :
“Арван хүнд гэхэд дөнгөж хоёр хүнд мөчиг тачиг хүрэхээр хоол өгнө”/П.Карпини/ гэснээс үзвэл монголчууд тухайн үедээ европчуудаас 4-5 дахин бага хооллож байжээ. Монголчуудын өвлийн улирлын хоолыг “Өвөлд арвайг няцалж нухаад устай буцалгаж, идэхээр бус шууд залгихаар болгон өглөөд нэг, хоёр аяга уугаад өдөржин юу ч идэхгүй явснаа орой нь жаахан мах идэж шөл ууна/П.Карпини/, “Бидэнд зөвхөн үдэш л хоол өгнө. Өглөө бол ямар нэгэн унд юмуу чимх амуу өгнө”/В.Рубрук/ гэснээс үзвэл өвөлд өглөө 1-2 аяга унд ууж, оройд ганц аяга махан хоол иддэг байжээ. Дулааны улирлын хоол нь “Урин цагт ан авлаагүй бол зөвхөн цагаан идээгээр хооллоно/П.Карпини, В.Рубрук/, ”Монголчууд зундаа гүүний сүү, айраг хэрэглэх учир өөр төрлийн хоолонд санаа тавихгүй”/В.Рубрук/ гэснээс үзвэл дулааны улиралд цагаан идээгээр дагнан хооллодог байжээ. Ийм өчүүхэн бага хооллодог XIII зууны Монголчуудын туулах чадвар ба тэсвэр тэвчээрийг тэд үнэлэхдээ “Монголчууд айхавтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хирнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй”/П.Карпини/ гэжээ. XXI зууны “соёлт” иргэний хүнсний хэрэглээ бүдүүлэг гэгдэх тэртээ XIII зууны хүнийхтэй харьцуулахад хэт балмад гэж дүгнэж болохоор. Энэхүү хэрэглээг хангахын тулд дэлхийн хүмүүс жил бүр 56 тэрбум мал нядалж, АНУ дангаараа цаг бүр сая гаруй, жилд 9 тэрбум шувууны амь тасалж байна. Ийм үрэлгэн сэтгэлгээг яалтай.