Монголын хөл бөмбөгчид довтолж тоглоно

Монголын хөл бөмбөгийн шигшээ баг болон Зүүн Тиморын шигшээ багийн 2027 оны Азийн цом тэмцээний урьдчилсан плэй-оффын шатны хариу тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал, техникийн зөвлөгөөн МХБХ дээр боллоо. Маргааш 9-р сарын 10-ны 16:00 цагт эхлэх тус тоглолтын бэлтгэл ажил жигдэрч дуусчээ. Хэвлэлийн хурлын үеэр Зүүн Тиморын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Саймон Пабло “Тоглолтын хувь заяа хаашаа ч эргэж магадгүй нөхцөлд байгаа. Бид Монголын тамирчдыг хүндэлдэг. Тэд ямар тэсвэр хатуужилтай гэдгийг бид өнгөрсөн хугацааны тоглолтуудаас харж ойлгосон. Монголын талбайн зүлэг Бали хотынхоос ялгаатай юм. Гэхдээ бид аль болох зохицож тоглохыг хичээж байна” гэв. Харин монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гарьдмагнай, тоглогч Х.Цэнд-Аюуш нар “Бид Индонезоос хүндхэн даалгавартай буцаж ирсэн. Өмнөх шатны тоглолтондоо хамгаалах тактиктай тоглосон бол энэ удаад довтлох тактик барина. Бүхий л нөөц бололцоогоо дайчлан тоглоно. Өөрийн талбай, үнэнч хөгжөөн дэмжигчид, сэтгэл зүйн тал дээр бидэнд илүү давуу байдал бий болж байгаа учир хожлын төлөө хичээх болно. Хөл бөмбөгийн үзэгч, сонирхогчдоо өргөнөөр ирж биднийг дэмжихийг хүсье” гэж уриаллаа.
Яриа Х.Цэнд-Аюуш   Бичлэг үзэх
Яриа Б.Гарьдмагнай   Бичлэг үзэх
Эхний тоглолтын тойм :
Шигшээ багийн бэлтгэлийн гэрэл зургаас
Үзэгч, хөгжөөн дэмжигчид Та бүхэн тоглотыг үзэхдээ зөвхөн талбайн зүүн талын 1 ба 2-р хаалгаар нэвтрэхийг анхаарна уу.