Н.Наранболд гоолдсон ч Ф.Ютаро хариуг нь өгөв
Тоглолтын 12 дах минут эхэлж байхад Дэрэнгийн багийн ахлагч, хамгаалагч #12 Орхоны Мөнх-Оргил арын бүсээс Япон тоглогч, довтлогч #11 Фүнами Ютарод алсын дамжуулалт өгч, тэрээр цааш нь баруун жигүүр явсан #23 Э.Эрхэмбаярт хаяж, довтлогч богинохон зайд Хоромхоны #17 Бат-Төгөлдөрийг хууран урагшилсаар 16-гийн талбайд цөмрөн орж, хөндлөн дамжуулалтыг өгсөн ч хамгаалагч #6 Като Рюогийн хөлд ойж ирэхэд амжиж арагш нь хатгалаа. Яг энэ үед #2 Т.Дөлгөөний цагаа олсон баруун хөлийн цохилт байгаа онож, эхний бөмбөг хаалганд оров. Хэрэгтэй үед, хэрэгтэй цагт хаана байхаа мэднэ, мэдэрнэ гэдэг энэ дээ.
Учраа таарсан 2 багийн тоглолт ерөнхийдөө хатуу ширүүн уур амьсгал дунд өрнөдөг. Ялангуяа 2-р үед. Тэр ч ёсоор болов. Ээлжилж довтлон, бөмбөгний төлөөх халз тулаанууд үргэлжилсээр. тоглолтын 54 дэх минут. Бишрэлт Хоромхон клуб булангийн цохилтоо дамжуулалт болгон #22 Такатокү Юкид өгөв. Түүний дамжуулалтыг О.Мөнх-Оргил мөргөж зайлуулсан ч хагас хамгаалагч #8 Б.Батмөнх шууд цэвэрлэлгүй урдаа ойлгосныг эсрэг багийн #11 багийн ахлагч, довтлогч Н.Наранболд овжин ашиглан, шууд л хаалга руу явуулснаар тоо 1:1 болж тэнцэж ирлээ. Ингэснээр тоглолт бүүр сонирхол татам өрнөлтэй өрнөв. Дэрэн клубын #11 Ф.Ютаро 76 дах минутад лигийг тэргүүлэгч багт тун хэрэгтэй байсан хожлын гоолыг оруулснаар 2:1-ийн харьцаагаар Хоромхон багийг хожсон юм. #3 Б.Ууганбат хагас хамгаалагч М.Мөнххүслэнд 16-гийн талбай руу өндрөөр дамжуулсныг Хоромхоны хамгаалагч, хашир мастер #3 Д.Төрбат мөргөж хаалгач руугаа өгөх гээд дутуудуулсныг өнөөх Ф.Ютаро өршөөсөнгүй. Хаалгачид ч хаах боломж өгсөнгүй. Дэрэнчүүд хэрэгтэй 3 оноогоо бүтэн хармаалж, зочид хараахан оноо салгаж чадалгүй үлдлээ. Тоглолт дууссаны дараа Бишрэлт Хоромхон багийн ахлагч Н.Наранболд тамирчин хүнд байж боломгүй ёс зүйгүй бүдүүлэг үйлдэл гаргаж, шүүгч Хаш-Эрдэнэ шар хуудсаар торгов. Улаан хуудас ч өгч болохоор л харагдлаа. Шигшээ багийн тамирчин, дээд лигийн нүүр царай болж яваа тоглогч ийм үлгэр дуурайлалгүй байдал гаргаж байгаа нь харамсалтай.
Тоглолтын гэрэл зургаас
6 тойргийн дараах байдлаар хүснэгтийг Дэрэн клубын залуус ганц ч хожигдолгүй, 5 хожил, 1 тэнцээ, 16 оноотойгоор итгэл төгс тэргүүлж яваа бол лигийн аваргууд болох Эрчим, Фалконс, Хангарьд, Улаанбаатар багууд 11-13 оноотой шил даран нэхэцгээж байна. Харин нь нэг ч ялалтгүй, бас оноо авч амжаагүй Төв Азарганууд баг алдсан бөмбөгний -71 гэсэн анти үзүүлэлтээр сүүл мушгисаар…
энэ пүрэв гариг буюу 10-р сарын 3 нд Ховд-Хантерс багуудын тоглолтоор эхлэх дараагийн 7-р тоглолтын хуваарийг танилцуулъя. Бишрэлт Хоромхон-Фалконс болон Дэрэн-Хангарьд багуудын тоглолт ч нэлээн сониохол татахаар байна даа.