Н.Сайнбуянгийн сайн тоглолт Ховд багийн анхны хожил
Монголын Премьер лигийн 13-р тойргийн тоглолт. Ховд 4:2 Баварианс. Хүснэгтийн 9 болон 10-р байрт бичигдэж байгаа багуудын тоглолт тун өрсөлдөөнтэй, сонирхолтой өрнөж, нийт 6 гоол орлоо.
“Ховд” клуб энэ тоглолтонд дээрээ бичиөрсөлдөгчөө 4:2-оор хожиж, улирлын анхны ялалтаа байгуулав. Шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан довтлогч Н.Сайнбуян энэ тоглолтод 2 гоол оруулж, багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл өвлийн солилцооны цонхоор “Ховд”-д нэгдсэн камерун легионер Фрэнки Ауду, япон легионер Кейта Абэ нар улирлын анхны гоолоо мөн бүртгүүлцгээв. Абэгийн хувьд сэлгээгээр талбайд ороод багаа урагш гаргасан чухал гоолыг тун гоёмсогоор оруулсан юм. “Баварианс”-ын хувьд 2:0-ээр хожигдож явсан ч богинохон хугацаанд тэнцүүлж чадсан. Эхлээд япон легионеруудын хослол амжилтад хүрч, Тосака Хюгогийн дамжуулалтаар Акира Удагава тоог ойртуулсан. Улмаар үүнээс хоёрхон минутын дараа Э.Мөнгөнбаганын дамжуулалтаар Б.Баттүшиг алсын, хүчтэй цохилтоор тоог тэнцүүлэв. Гэвч “Баварианс” төгсгөлд хоёр гоол алдсанаар ялагдал хүлээлээ. Ингэснээр Ховдчууд 5 оноотой болж, “Баварианс”-аас хоёрхон онооны дутуу болж ирлээ. Арав дараалсан ялагдлын цувралаа зогсоож, анхны ялалтаа амттайхан авсан “Ховд”-ынхон дараагийн тойрогт хүснэгтийн наймд жагсаж буй “Брера Илч”-тэй бас нэгэн чухал тоглолтыг хийнэ. Харин “Баварианс”-чууд “Төв Азарганууд”-тай тоглох юм.
“Ховд” багийн довтлогч Н.Сайнбуянгийн яриа Бичлэг үзэх
“Баварианс” багийн хагас хамгаалагч Б.Баттүшигийн яриа Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр “Ховд” багийн довтлогч Н.Сайнбуян тодорлоо. Тэрээр энэ тоглолтод “Баварианс”-ын хаалганд дубль хийж, багийнхаа анхны ялалтад чухал үүрэг гүйцэтгэжээ.