Сайта Аотогийн хет-трик, Брера Илч багийн бут ниргэсэн ялалт

Монголын Премьер лигийн 11-р тойрог. БРЕРА 8:1 БАВАРИАНС. Нийт 9 гоол орсон энэ нь 2023-2024 оны улирлын хамгийн хол зөрүүтэй хожил. Өмнө нь хёр ч тоглолт 7:1 гэсэн харьцаатай өндөрлөж байсан билээ. Өвлийн солилцооны цонхоор “Баварианс”-аас “Брера Илч”-д нэгдсэн япон легионер Сайта Аато хуучин багийнхаа хаалганд хет-трик хийж, тоглолтын гол баатраар тодорсон. Тэр өмнө нь “Баварианс”-т байхдаа “Брера Илч”-ийн хаалганд мөн гоолдож байсан хуучраагүй түүхтэй. С.Аато сүүлийн 2 тойрогт 4 бөмбөг оруулснаар нийт 6 гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтад орж ирэв. Түүнчлэн А.Содмөнх дубль хийж, 4 гоолтой болсон бол Италийн “Сери Б”-гийн “Тернана” багт тоглож явсан итали довтлогч Маттео Ортолани Монголын Премьер лигт эхний гоолоо оруулснаас гадна нэг оновчтой дамжуулалт өгөөд амжжээ. “Брера Илч” энэ тоглолтод хожсоноор 6 оноотой болж, өмнөө бичигдэж буй “Баварианс”-аас ганцхан онооны зөрүүтэй болсон.
Харин “Баварианс” 2-р хагасыг 2 дараалсан хожигдлоор эхлүүлэхдээ 2 гоол оруулж, 15 бөмбөг хаалгандаа алдав. “Баварианс” дараагийн тойрогт “Улаанбаатар”-тай, “Брера Илч” “Хоромхон”-той тус тус тоглох хуваарьтай байна.

Тоглолтын шилдгээр “Брера Илч” багийн япон легионер Сайта Аато тодорлоо. Тэрбээр энэ тоглолтод багийнхаа 3 гоолыг оруулсан юм.