Спортын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон тамирчны гэрээг нууцаас гаргая!

Монголын шилдэг волейболчдын нэг Т.Хангал 2025 оны 3-р сарын 30-ныг хүртэл Тайландын лигт тоглохоор гэрээ байгуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

 

 

Харин тэрээр өчигдөр/27.VIII/ өөрийн фэйсбүүктээ “Ингээд албан ёсоор олон улсын волейболын холбооны site нд олон улсын шилжилтээ хийгээд баталгаажууллаа. Шилжилт хөдөлгөөний төлбөрөө ч Монголын волейболын холбоонд төллөө” гэсэн зураг бүхий постыг оруулсан. Удалгүй МВХ-ны ерөнхийлөгч Ц.Чингарьд “Би лав мэдээгүй асуудал байна. Ялангуяа МВХ мөнгө хүлээн авсан тухай асуудал нь намайг байгаа үед ямар чтамирчнаас шилжилт хөдөлгөөний мөнгө авч байгаагүй. Авахгүй гэсэн бодлого барьж байгаа. Зөв мэдээлэл түгээгээрэй дүү. Амжилт!” гэсэн сэтгэгдлийг бичиж үлдээжээ.

 

 

 

Эндээс юу харагдаж байна вэ? Олон улсын холбоо-Үндэсний холбоо, холбоо-клуб, клуб-тамирчин гэсэн харилцаа Монголд бараг л байхгүйтэй адил. Ерөнхийдөө мэдээлэл хаалттай, нууц байгаад байдагт хамаг учир оршино. Хоёр тал гэрээ хийсэн л бол гэрээний заалтын дагуу зохих төлбөрөө үндэсний холбоо, клубтээ өгч л таараа. Тийм болоод л шилжүүлэг хийсэн гэж тамрчин бичжээ. Харин холбооны удирлага би мэдээгүй. Өмнө нь тамирчнаас төлбөр авч байгаагүй, цаашдаа ч авахгүй гэдэг бол өрөөсгөл ойлголт гэж харагдахаар. Дэлхийтэй хөл нийлүүлнэ, хамтдаа хөгжье л гэж байгаа бол дүрэм журмаа дагах л хэрэгтэй. Тэрнээс холбоонд шилжүүлсэн мөнгийг тамирчнаас авна, авахгүй гэх нь утгагүй хэрэг. Т.Хангалаас гадна олон волейболын тамирчид гадаадын лигт гэрээ хийгээд, тоглоод, ирж очоод л байгаа. Тэд энэ дүрэм журмын хаагуур нь өнгөрсөн байх уу?  Манай спорт тоглоомын төрлүүд болох сагсан бөмбөг, хөл бөмбөг, волейболын тамирчдын багтайгаа, клубтэйгээ хийсэн гэрээ бараг л улсын нууцад хамаарсан аятай нууц байдаг. Дээр нь клуб холбоо хоёрын харилцаа бүүр ойлгомжгүй. Бас л НУУЦ!!! Ийм байдалтай дахиад хэдэн жил явцгаах уу. Сагсан бөмбөгийн дээд лигийн зарим багийн эзэд, цөөн тамирчид энэ талаар дуугарч байгаа харагддаг. Нөгөө холбоо нь таг чиг. Аливаа спортод тухайн тамирчин ямар дүнгээр аль багтай, ямар хугацаатай, ямар нөхцөлтэй гэрээ хийв гэдэг нь өөрөө спортын хөгжил, түүний менежментийн хамгийн сонирхол татахуйц хөдөлгөгч хүч нь гэдгийг манай нөхдүүд ойлгодоггүй нь гачлантай. Би хүртэл энэ талаар МСБХ-ны өнгөрсөн жилийн “Бүх гишүүдийн хурал” дээр хурлын төлөөлөгчийн хувиар хэлээд, хэдхэн асуулт тавиад ёстой алуулангаа алдсан. Нөгөө миний, бидний од болгож бойжуулсан мундаг сагсан бөмбөгч “ТЭР” гуай даргын дүр, зөөлөн сандалдаа хэт автаад, хариулт өгөхдөө бараг л занаад байсан байх шүү. Монголчууд нийтээрээ, ялангуяа спорт холбоодын удирдлагууд ихэнхдээ асуудалд ингэж л ханддаг. Энэ мэдээллийн дараа яах нь ч бараг ойлгомжтой. Тамирчин постоо устгаад, КОНЕЦ фильм болно.

 

Спортын сэтгүүлч Н.Тамир