Тоглолтын эхний үед Ж.Блендийг хөөсөн шүүгчийн шийдвэр Металл багт хүндээр тусав

Лигийн тэмцээний шигшээ тоглолт-4 /3:1/ Хасын Хүлэгүүд 87:80 Бишрэлт Металл. Тэнцүүхэн өрсөлдөөн, өрнөл дүүрэн явагдаж байсан тоглолт шүүгчийн нэг үлээлтээр тэс өөр нөхцөлд үргэлжлэхээр болсон. Яг техникийн алдаа байсан эсэх, Ж.Бленд шүүгчид хандан юу гэж хэлсэн нь ч тодорхойгүй өнгөрөв. Улирлын зүгээр нэг тойргийн тоглолт биш, аваргын төлөө өрсөлдөж байгаа 2 багийн амиа тавьж тэмцэлдэж буй тоглолт гэдэг дээр МСБХ, лигийн тэмцээнийг зохион байгуулагчид, шүүгчдийн холбооны нөхдүүдэд ажлын уялдаа холбоо байна уу гэж асуумаар санагдав. Үзэгч, спорт сонирхогчид, багуудын хөгжөөн дэмжигчид бүгд л тамирчдыг гэмтэл бэртлээс хол, тэгш жигд өрсөлдөөн үзүүлэн өрсөлдөөсэй гэж хүсэцгээдэг. Харамсалтай нь нэг багийнх нь гол тоглогч ердөө зургаахан минут тоглоод, хувцас солих өрөө рүү явсан нь тэдний тоглолтын хэмнэлийг орвонгоор нь эргүүлж орхисон. Хүлгүүдээс ер нь л форм сайтай байгаа Д.Мөнхтүвшин гэмтлийн улмаас тоглоогүй ч Ж.Мосс 26 оноо, 10 самбар, Б.Билгүүн 19 оноо, 8 самбар, 3 дамжуулалт, Д.Майлс 17 оноо, 4 самбар гэсэн үзүүлэлттэй тоглосон бол Металлуудын Ж.Силла багийнхаа дийлэнх ачааг нуруундаа үүрч, 33 оноо, 4 самбар, 5 дамжуулалт өгөн, түүнд Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан, Д.Дэлгэрням нар тус тус 10+ оноогоор тусалжээ. Харамсалтай нь багийн залуу тоглогч Б.Сүхбат талбайд 14 минутанд нэг ч оноо авалгүй, -19 үзүүлэлттэй байсан нь сөрөг тал болов. Дээр нь багаараа торгуулийн шидэлтээ 21/30 буюу 9 шидэлтээ салхинд хийсгэн нь бүүр нэрмээс болсон. Харин Хүлэгүүд 12/12 100%! Металлынхан дараагийн тоглолтонд энэ янзаараа цөөхөн тоглогчид ачаагаа үүрч тогловол цуврал дуусах магадлалтай юм. Гэхдээ онолын хувьд цуврал дуусаагүй байна.

 

Тоглолтын тойм

Б.Билгүүний яриа   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг