Тувагийн өсвөрийн бөхчүүд багийн барилдаанд яллаа

Монголын үндэсний бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Тува улсын өсвөрийн шилдэг бөхчүүд болон манай өсвөр бөхчүүдтэй багийн барилдааныг зохион байгуулав. Барилдааны эцсийн дүн гарахад Тувагийн баг 33:16-гийн харьцаатай ялалт байгууллаа. Зочин багаас залуу бөх Донгак Сүлде/7/, Намчаа Сүгдер/5/, Ондар Алдаржы/5/, Салчак Кудерек/1/, Монгуш Алаш/3/, Ооржак Айрат/4/, Самбый-оол Айслан/1/, Монгуш Гендун/3/, Эрес-оол Солаан-Байыр/4/ нийт 33 даваа авсан бол Монгол Улсын багаас сумын заан Э.Бат-Өлзий ГА/6/, сумын начин Б.Бумбацогт БХ/3/, залуу бөх Т.Мөнгөн-Эрдэнэ ДУ/5/, Б.Хадбаатар АР/1/ нар 16 даваа авчээ. ОХУ-ын Тува Улсын багийн дасгалжуулагчаар Донгак Кайгал-Оол, Баткар Анатолий, Монголын багийн дасгалжуулагчаар Б.Батхуяг нар ажилласан байна. Хоёр багийн хүүхдүүд нийт долоон тойрог барилдсан бөгөөд Тувагийн залуу бөх Донгак Сүлде 7 тойрог барилдаж, 7 давсан амжилтаар бусдыгаа манлайлж, манайхаас сумын заан Э.Бат-Өлзий 7 барилдаж, 6 давсан амжилтаар удаалав. Барилдаанд амжилт гаргасан зочин бөхчүүдийг Монгол улсад их, дээд сургуулиудад элсэн суралцахад МҮБХ-оос дэмжин ажиллахаар болов. Мөн тус барилдааныг А.Очирхуяг захиралтай “Гранд говь теч” ХХК болон МҮБХ-ны Тэргүүлэгч, Багануур дүүргийн ҮБХ-ны тэргүүн Ж.Мөнгөнбаяр захиралтай “Повер инжен” ХХК-иуд ивээн тэтгэлээ.