Тэргүүн байранд бичигдсэн ч, тавьдугаар байранд давхисан ч энэ бол амжилт

ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨСӨӨН
Дэлхийн эртний соёл иргэншлүүдийн төвүүдийн нэг Египетийн хойморт орших “Энх тайваны хот” гэсэн утгатай Шарм Эль Шейхэд манай бөмбөрцөгийн 12 хүртэлх насны шилдгүүд хуран чуулж, 10.14-27 өдрийг хүртэл 64 буудлыг хэн нь илүү эзэмшсэн вээ гэдгээ тодруулахаар 2 долоо хоног дээр дороо оролцож, дээл хувцсаа уралцлаа. Бурхад буудаллаж, нар хүртэл илүү цагаар ажиллаж илчээ түгээдэг Монгол сайхан эх орны алтан соёмбот далбаагаа намируулсан 18 өсвөрийн мастерууд, 5 дасгалжуулагчаар залуураа хийж, ухаанаа зарж, мэдлэгээ шалгаж, уулгүй талд цусгүй тулалдсан байдгиймаа. Гижирийн хүү Мөнхбаяр дасгалжуулагчтай “Стейниц академи”-ийн тамирчин Б.Бат-Амгалан 6-р байранд, Будаг нь ханхалсан шинэхэн гавьяат Багануурын “Төр Монгол”-ын хэмээх Цэрэндэжидийн Батболдын шавь З.Энхзаяа 8-р байранд жагссан нь хамгийн өндөр амжилт байлаа. Тэмцээний финалын өдөр медалийн төлөө өнөө цагийн Монголын шатрын өндөр цаст оргил “Мончесс” академийн дасгалжуулагч Цэрэндоржийн Батсайханы уяж сойсон Мөнхпүрэвийн Маргад тулалдсан ч тоглолтын оноо бидний хүссэнээс өөрөөр заасан нь даанч хяслантай. Өнгөрсөн жилийн сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аваргын хүрэл медальт Мөнхпүрэвийн охин Маргад гараагаа төлөвлөгөөний дагуу тавьсан ч дунд үед байрлалаа бага зэрэг андуу үнэлж, өрсөлдөгчийн боломжийг дутуу үнэлсэн нь алт шиг үнэтэй нэг оноогоо хармаалахад садаа болсныг хэлэх нь зүйтэй. Заа яахав юм нэгээр дуусдаггүймаа. Тэртээ 2001 онд Монголиан олл тайм бэст вомен плэйэр Б.Мөнгөнтуул анхны шанг нь татаж, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медалийг хүзүүндээ зүүснээс хойш нийт 12 медалийг Монголын өсвөрийн дайчид эх орондоо авчраад байгаа бөлгөө. 2019 онд “Цэцэн нүүдэл” угшилтай “Dream chess” клубын бүтээгдэхүүн Л.Очирбат урд хөрш Хятад улсад хүрэл медалийн тавцан дээр зогссон нь 8-12 хүртэлх бага насны дэлхийн дэвжээнээс зулгаасан сүүлийн медаль юм.
Тэргүүн байранд бичигдсэн ч тавьдугаар байранд давхисан ч энэ бол амжилт. Дасгалжуулагч тамирчны нүсэр хөдөлмөр ард нь дагаж явдаг. Тэмцээний заал руу хожигдъё гэж ордог нэг ч тамирчин байхгүй ээ. Бөмбөрцөгт нэрээ данслуулах шаардлагыг энэ жил бид хангасангүй. Дасгалжуулагч нар маань хаана байгаагаа, юу хийх ёстойгоо давуу, сул талуудаа дэнслээд, алдаа оноогоо цэгнээд авсан болов уу. Найман зууны өмнө дэлхий хаашаа эргэхийг, нар хаанаас мандахыг шийдэж асан Монголын эзэнт гүрэн XXI зуунд шатрын ертөнцөд өөр дүр төрхтэйгээр эргэн ирж суу алдраа дархлах цагийг бид бүтээнэ…
АУГАА ТЭНГЭР БАЙСАН ЦАГТ МОНГОЛ МИНЬ ОРШИНО
АЧЛАЛТ ДЭЛХИЙ БАЙСАН ЦАГТ ХЭРЛЭН МИНЬ УРСАНА
АЛТАН УРГИЙН ЦУС СУДСААР МИНЬ ДАМЖИНА
АЗЫН ДӨРВӨН БЭРХ ЗАЯАГ МИНЬ ТҮШНЭ
Эх сурвалж : Харуул харуул