Улсын харцага Б.Зоригтбаатар : Шинжлэх ухаан өндөр хөгжсөн энэ цаг үед шударгаар өрсөлдөхийг урьтал болгодог
Улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар наадамчин олон, бөх сонирхогчиддоо хандан, өөрийн нүүр номондоо дараах постыг оруулжээ. Тэрээр “Бүгдээрээ сайхан наадаж сайхан зусацгааж байна уу? Нутгийн маань түүхт ойн баяр өргөн дэлгэр сайхан боллоо. Энэ жилийн наадмаар бэлтгэл сургуулилт таарсан сайхан жил байсан ч бэртлийн улмаас санасандаа хүрч барилдаагүй ээ. Үүнийг минь олон түмэн янз янзаар хүлээж авцгаасан байх. Миний хувьд 4-ийн даваанд гарахдаа өвчин намдаах тариа тариулаад барилдсан ч өвчин сайн намдаж өгөхгүй байсан тул дахин тариулаад, барилдъя гэсэн ч эмч нарын зөвлөсний дагуу барилдах боломжгүй болсоон. Ардын хувьсгалын 103 жилийн ойгоор “Дархан аварга” цолтон төрсөн сайхан наадам болсоон. Би 4 давсан 32 бөхийн тоонд багтаж, допингийн шинжилгээ өгсөн. Миний бие төрийн наадамд 3 удаа, мөн явцын шинжилгээ 2 удаа гээд нийт 5 удаа шинжилгээ өгсөн байдаг. Нийгмийн хөгжлийг дагаад шинжлэх ухаан өндөр хөгжсөн, үндэсний бөхийн маань өрсөлдөөн ч мөн адил хөгжиж буй энэ цаг үед шударгаар өрсөлдөхийг урьтал болгодог гэдгээ хэлье. Спорт бол залуу насных. Ийм учраас хамгийн чухал зүйл бол бидний эрүүл мэнд гэдгийг өв уламжлалаа тээж яваа залуучууд дүү нартаа хэлмээр байна” гэжээ.