Хангарьд клубын тав дараалсан ялалтын цуврал үргэлжилсээр

Монголын Премьер лигийн 12-р тойрог. Хангарьд 1:0 Төв Азарганууд. Эрдэнэтийг баг 5 дараалсан ялалтын цувралаа итгэл төгс үргэлжлүүлсээр байна. Энэ тоглолтын гол баатар 18 настай залуу довтлогч Т.Содбилгүүн. Тоглолтын 68 дах минутад Ц.Билгүүний дамжуулалтаар тэрээр тоглолтын цорын ганц гоолыг оруулснаар дээд лигийн анхны гоолоо бүртгүүлэв. Багууд энэ тоглолтонд хамгаалалтдаа анхаарал төвлөрүүлж, тун нягт тоглосныг онцолъё. Харин япон легионер Юши Кавагучи 66 дах минутад 2 дах шар хуудсаа хүртэн, талбайг чөлөөлснөөр “Азарганууд” хүн дутуу үлдсэн.
Үүнээс ганцхан минутын дараа “Хангарьд” гоол оруулсан юм. “Төв Азарганууд”-ын ахлагч Х.Цэнд-Аюуш бэлтгэл дээр гэмтэл авч, багтаа тусалж чадахааргүй болсон нь тэдний тоглолтод сөргөөр нөлөөлсөн нь лавтай. “Хангарьд”-ын хувьд мэргэн бууч З.Тэмүүжин шар хуудасны торгуулийн улмаас тоглолтыг өнжсөн ч хүчтэй өрсөлдөгчөө хожиж чадлаа. “Хангарьд” энэ тоглолтод хожсоноор 19 оноотой болж, 3-р байрт яваа “Азарганууд”-аас ганцхан онооны дутуу болов. Тэд дараагийн тойрогт “Дэрэн”-тэй тоглох бол “Төв Азарганууд” хүснэгтийг тэргүүлэгч “СП Фалконс”-той тоглоно.
“Хангарьд” багийн довтлогч Т.Содбилгүүний яриа   Бичлэг үзэх
“Төв Азарганууд” багийн ахлагч Э.Мөнх-Эрдэнийн яриа   Бичлэг үзэх

Тоглолтын шилдгээр “Хангарьд” багийн хагас хамгаалагч Ц.Билгүүн тодров. Тэрээр хожлын гоолын дамжуулалтыг өгснөөс гадна талбайн төвд тун үр бүтээлтэй тоглосон.