Ховдын бөхчүүд шөвгийн дөрөвт шалгарав
МҮБХ-ны “Үндэсний Алтан цомын төлөөх” шигшээ 8 багийн 4 дэх барилдаан Ховд-Баян-Өлгий аймгуудын хооронд өрнөж, Ховд аймгийн баг 19:6-аар ялалт байгуулснаар шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ. Ховд аймгийн багаас улсын аварга О.Хангай 5, улсын заан Б.Пүрэвсайхан 4, улсын заан Б.Бат-Өлзий 5, аймгийн арслан М.Баяржавхлан 3, аймгийн арслан У.Батцоож 2, нийт 19 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багаас улсын заан Б.Серик 3, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн хурц арслан М.Еркебулан 1, аймгийн заан Е.Көптилек нар тус тус нэг даваа авсан бол улсын өсөх идэр начин Н.Мустафа болон 3-р тойргоос сэлгээнээс барилдсан аймгийн арслан Б.Төмөрбаатар, 4-р тойргоос мөн сэлгээнээс хүч үзсэн арслан аймгийн арслан Т.Эрболат нар даваа авсангүй. Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Г.Алтангэрэл, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол нар ажиллажээ. Ялсан баг шөвгийн дөрөвт шалгарч 20 сая төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан баг 5 сая төгрөгийн шагналаа гардан авсан байна. Ийнхүү “Үндэсний Алтан цомын төлөөх” шигшээ найман багийн барилдаанууд өндөрлөж, Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Ховд гэсэн шөвгийн дөрвөн багийн барилдаан ирэх сард болно.