Хурц арслан Н.Өсөхбаяр ургацын баярын барилдаанд түрүүлэв

Urgatsin bayar 4
“Монгол бөхийн өргөө”-д болсон Ургацын баярт зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, Хилчин спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадамлах Нар” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, даян аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, ЗХ-ний 014-р анги, “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Алтанцоож нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд улсын заан Б.Серик, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Г.Ганбаатар, Ц.Төмөрцоож нар үлдсэн байна. Барилдаан зохион байгуулагчдын зүгээс түрүү бөхийн мөнгөн шагнал дээр нэмж ХУРДАН УДМЫН ДААГА, хоёр жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо, үзүүр бөхийн мөнгөн шагнал нэмж “ЛИМУЗИН” ҮҮЛДРИЙН БУХАН БЯРУУ, хоёр жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо, дөрөвт үлдсэн бөхчүүдэд тус бүр гурван жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо гардуулав.