Хуучнаа сэргээн, халз урдаас хайчилж харайгаад хүрэл медаль хүртлээ
Монголын хөнгөн атлетикийн мастеруудын холбооны 2024 оны УАШТ нийслэлийн Налайх дүүргийн цэнгэлдэх хүрээлэнд болж дүнгээ гаргалаа. Тэмцээнийг тус холбооны гүйцэтгэх захирал, ОУХМ Э.Нарангэрэл нарын энэ спортын зүтгэлтнүүд санаачлан, орхигдсон төрлүүдийг сэргээж, олныг хамруулан зохион байгуулсанд ахмад мастерууд ам сайтай байна. Тэмцээний үеэр түүнд төрийн тэргүүний зарлигаар шагнуулсан “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г гардуулж, баяр хүргэв.
Онцлох мэдээ гэвэл өндрийн харайлтын төрөлд МУГТ, сагсан бөмбөгч Цэрэнжанхарын Шаравжамц 36 жилийн дараа залуу насаа санагалзан, багадаа барилдаж явсны хэрэг юу билээ гэдэг шиг хөнгөний техникээ сэргээн оролцож, халз урдаас хайчилж харайн үзэгч, хөгжөөн дэмжигчдийн талархлыг хүлээсээр 1 м 45 см-ийн амжилтаар хүрэл медалийн эзэн болжээ. Тэрээр тэмцээний дараа өөрийн нүүр номондоо дараах сэтгэгдлийг үлдээжээ. Тэрээр “Яг бодож байснаар л боллоо. Цаашаа харайх боломж байсан ч шагай өвдөөд болив. 36 жилийн дараа тэр үеийнхээ багшаар дасгалжуулуулаад тэмцээнд орсон их сонин байна. 1988 онд Жамъяндагва багшийг маань цэрэгт татагдаад, би гэдэг хүн волейбол руу орсон. Ирэх жил 160 см дээгүүр гарч түрүүлнэ гэдэг амлалт багшдаа өгөв. Ай чадна л даа тээ? Гэснээс багштайгаа ярилцаад “Старс” академийнхээ дэргэд өндрийн харайлтын секц эхлүүлэхээр тохирлоо. Тэгэж байгаад заал энэ тэрээ олоод зарлал оруулнаа. Хөнгөнөөр суурь тавьсан хүүхдүүд аль ч спортод орсон илүү амжилт үзүүлэх боломжтой байдаг шүү. Манай сагсны хүүхдүүд хичээллэвэл дороо л тохдог болчихно шүү дээ. Гэртээ ирсэн чинь шагай хавдчихсан байна. Хэврэгхэн болж дээ хөөрхий. Мөс тавьж аргалахаас даа. Тэгэхдээ л гоё байлаа” гэжээ.
[embedyt] https://www.youtube.com/watch?v=FtcaMrpHEJU[/embedyt]
Тэмцээний гэрэл зургаас
Тэмцээний техникийн зөвлөгөөн, зохион байгуулагч арын албаныхан, тэмцээний бусад үеийн гэрэл зургаас
Тэмцээний эх сурвалжууд :
Монголын Хөнгөн Атлетикийн Мастеруудын Холбоо